Хумсаа мэрэх, хуруугаа амандаа хийх эмгэг рефлексээс болж гажиг үүсдэг

Ээлжит ярилцлагын буландаа  бид “Мираи дент” шүдний эмнэлгийн Согог заслын их эмч Ц.Мөнхбаатарыг урьж  ярилцлаа. 

Согог заслын эмчилгээ гэж юуг хэлэх вэ?

Эд эрхтний бүрэн бүтэн байдал алдагдахад гарч буй өөрчлөлтийг согог гэж ойлгож болно. Согог заслын эмчилгээ нь дотроо олон төрөл байдаг. Үүнд хэсэг газрын болон бүрэн шүдгүйдлийн үед согог заслын эмчилгээ хийдэг. Бидний нэрлэж заншсанаар хиймэл шүд,  авагддаг авагддаггүй шүд, хэсэг согогийн, шүдэлбэрийн эмчилгээ гэж байдаг.

Согог үүсэх шалтгаан нь юу вэ?


Согог үүсэх маш олон шалтгаанууд бий. Шүд цоорсны улмаас тухайн хүн цаг алдаж явсаар эцэстээ шүд авахуулах сонголтыг хийчихсэн байдаг. Ихэвчлэн шүд авахуулснаас үүдсэн согог байж болно. Мөн төрөлхийн тохиолдол ч байдаг. Гэмтлийн гаралтай цохиулах, унах тохиолдолд согог үүсэх магадлал өндөр байдаг. Шүдний зуултын гажигын хувьд удмын шалтгаан нөлөөлнө. Тухайлбал аав ээжийнхээ шүдний байрлал зуултыг дуурайж удамших талаас илрэх тохиолдол байдаг.

Эмгэг рефлексээс гажиг согог үүсэх тохиолдол бий юу?

Энэ маш чухал асуудал. Хүүхэд хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, амандаа гараа үмхэх тохиолдлуудаас согог үүсэх өндөр магадлалтай. Мөн нярай бага үед хамраар амьсгалах ачаалал түлхүү байдаг учраас үүнтэй холбоотойгоор гажиг үүсч болдог. Ийм учраас гэр бүл төлөвлөж байгаа хүмүүс үр хүүхдээ өсгөхдөө энэ төрлийн мэдээ мэдээлэлтэй байж эмгэг рефлекс гажиг үүсгэдэг гэдгийг ойлгож үр хүүхдээ зөв, эрүүл таатай нөхцөлд өсгөж хүмүүжүүлэх нь чухал байгаа юм. Хүүхдээ бага насанд нь эцэг эх сайн анзаарч анхаараагүй үйлдэл эцэстээ насанд хүрсэн хойно бусдаас ялгагдах, ямар нэгэн согогтой байх уу хэвийн байх уу гэдгийг шийдэж байна гэсэн үг.

Шүд цоорохоос сэргийлж ууж идэж байгаа зүйлсдээ хэрхэн  анхаарах вэ?

Мөн хоол хүнсэндээ маш сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Шүд цоорох өвчин үүсгэдэг хамгийн том шалтгаан бол хоол хүнс мөн. Нүүрс ус ихтэй, сахартай зүйлс их хэмжээгээр хэрэглэх мөртлөө амны хөндийн эрүүл мэнд сахихгүй бол шүд цоорох өвчний эрсдэл маш өндөр гэдгийг хэлмээр байна.

Эмчилгээний үе шат хэрхэн явагддаг вэ?

Үйлчлүүлэгч анхны тохиолдолд шүдээ авахуулахад согог үүсч байна гэж үздэг. Дутсан шүдийг согог заслын эмчилгээгээр яаж эмчлэх вэ гэдгийг урдаар оношилно. Үүний тулд дэлгэмэл рентген зураг авахуулах  болон шаардлагатай бол компьютер оношлогоо хийдэг. Мөн тухайн өвчтөнөөс хэв авч загвар дээр хэмжилт хийснээр тухайн согогийг яаж эмчлэх үү гэсэн эмчилгээний төлөвлөгөөг боловсруулдаг.

Үйлчлүүлэгчид түргэн үр дүнг хүлээгээд байдаг тал ажиглагддаг.  Эмчилгээний хугацаа ямар байдаг вэ?

Хугацааны хувьд тухайн хүний  хэсгийн суваг байна уу, хоншоорын хэсгийнх ч бай гажиг заслын эмчилгээг бодвол харьцангуй бага цаг хугацааг шаарддаг. Манайх тухайн үйлчлүүэгчийн  шүдний соггыг 1-14 хоногийн дотор эмчлэх бүрэн боломжтой байдаг.

Хүмүүс ханиад хүрэхээрээ эмчид үзүүлж, хамар нь битүүрвэл ямар нэгэн дусаалга эмчийн зөвлөгөөгөөр авч хэрэглэдэг мөртлөө шүдээ өвдөж шөнө унтуулахгүй л бол эмчид ханддаггүй. Та ярилцлагын төгсгөлд юу гэж уриалмаар байна?

Сар бүр биш юмаа гэхэд 3 сард нэг удаа шүдний эмчид хандаж байхыг зөвлөж байна. Манай үйлчлүүлэгчид шүд нь өвдөж бүр болохоо байхаараа л эмч дээр очдог хандлагатай байдаг, өвдөхөөс сэргийлэх олон арга бий шүү дээ. Иймд эрүүл шүдээ хайрла, амны хөндийн эрүүл мэнд сайн сахихыг уриалж байна.

 

Ц.Тэгшбуян

 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.