Хүүхдийнхээ алгыг өөрийнхтэй харьцуулж цус багадалтыг шинжээрэй

АУ-ны доктор, Клиникийн профессор, Уушгины эмч У.Цэвэгмэдтэй ярилцлаа.

Хүүхдийн бор хоол бантангаар эхэлдэг энэ зөв үү?

Зарим хоол судлаачдынхаар бол бантан алтан медальтай хоол юм гэж хэлдэг. Уураг, өөх тос, эрдэс шим тэжээл нь зохицсон хүүхдийн биед шингэцтэй тааламжтай гэж үздэг урчаас бантанг зөвлөдөг. Хоолыг 3 цаг тутам хэрэглэж байх ётсой. Хүний хоол боловсруулах систем болох ходоод  2-3 цагийн хугацаанд  идсэн хоолыг шингээгээд хоосорч байдаг. Ходоодны хүчил энэ хугацаанд ялгарч дараагийн хоолыг боловсруулах физиологийн зохицуулгатай байдаг. Иймд ойрхон хооллож ходоодны хүчлээ саармагжуулж байх ёстой. Бага сартай хүүхдийг хүссэн цагтаа хөхүүл гэдэг. Гэхдээ хүчил нь ялгарч эхэлбэл хүүхэд хүссэн хүсээгүй хөхөх болно. 6-1 настай хүүхэд 2-3 цагийн зайтай хооллож байвал хэрэгтэй шим тэжээлээ хоолноос л авч чадна. Тэгэхээр эцэг эхчүүд өөр юмнаас хайх хэрэггүй гэсэн үг. Бид өдөр тутам идэж байгаа хоол хүнснээс маргаашийнхаа хөдөлмөрлөх амьдрах эрчимт шим тэжээлийг авч байдаг. Яавал гэр бүл үр хүүхдээ шим тэжээлтэй хооллох уу, яавал зөв асрах уу гэдэгт  анхаарвал хүүхэд өвчлөхгүй байж болно.

Нярай дөнгөж төрсөн хүүхдэд д витамин нөөцлөгдөөгүй байдаг гэсэн ясны бүтцэд яаж нөлөөлдөг  вэ?
Тиймээ. Иймд гаднаас авах шаардлага үүсдэг. Яс бат бэх, булчин тамиртай байхад Д аминдэм тусалдаг. Д витамины дутагдлын үед хүүхдийн хөгжил хоцорч  суухгүй, мөлхөхгүй хэлд хожуу ордог. Насанд хүрэгчдийн хувьд яс сийрэгждэг шиг хүүхдэд яс зөөлрөх  хам шинж илэрдэг. Яс нь сийрэгжээд бат бөх чанараа алдахаар хүүхэд хэвтсэн талаараа хавтгай болох тохиолдол гарч байна. Ер нь хүний тархи хэр барагтаа юманд хэлбийж хэлбэр дүрсээ алдах тогтолцоо биш юм. Харин 2 хүртэлх насны хүүхдүүд яс зөөлрөх хам шинжээс болж толгойны хэлбэр хэмжээ алдагдах, майга хөлтэй, эсвэл сайргар хөлтэй болох зулайн заадсууд зөрөх, зулай битүүрэхгүй удах шинж тэмдэг илэрч хүүхэд үлдэцтэй болдог гэсэн үг. Одоо миний хяналтанд хэд хэдэн хүүхэд бий л дээ. Тэдний хувьд өвчүүний яс нь цаашаа хотойгоод доод талын ирмэг нь орчихдог. Тэгэхээр цаана нь байгаа амьдралын чухал эрхтэн болох уушги зүрхийг хааж хашчихаж байгаа юм. Уушги зүрх 2 хоёулаа тэлдэг, агшдаг эрхтэн учраас  эрхтнүүд хэвийн ажиллах замд нь саад учруулдаг байх нь. Рахит, сульдаа нь ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй, амьсгалын чухал эрхтнүүд алдагдалтай хүнийг бий болгож байна. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ витамин Д нөхөж, зөв хооллож байх хэрэгтэй. Дутдаг ганц чухал зүйл нь энэ витамин гэж ойлгож болно.  Бусдыг нь хүний физиологи өөрөө сэлгэж бүтээж явсаар байгаад насанд хүрэгч болдог. Хүүхдийнхээ өсөлтийн онцлог шинжүүдийг анзаарч, дагаад дэмжээд явбал хүүхэд өвдөхгүй байх бүрэн боломжтой.
Яагаад сульдаатай хүүхэд илүү өвддөг юм бэ?
Дархлааны системийг задлаад харахад цусны эргэлтээр урсаж байгаа маш олон зүйл бий. Биднийг гаднаас нь хамгаалж байгаа зүйлс нь  арьс, булчин, булчин дотор яс бий. Хүнийг бүрэн авч явж байгаа эрхтэн нь тулгуур систем болох хөл, гар, нуруу. Үүний суурь нь витамин Д хангалттай нөхөж сульдаагаас сэргийлэх байдал юм.

 Томуу томуу төст өвчинд өртөж буй хүүхдүүд насны хувьд ямар байна?
0-11сартай хүүхдүүд ихэнх хувь буюу 80% эзэлж байна. Мэдээж хүүхдийн биеийн онцлог шалтгаална. Учир нь 5 хүртэлх насны хүүхдийн биеийн онцлог нь   бага байх тусмаа цулцан нь уушгаар агаар ороход мод шиг салаалж салбарласан төгсгөлд нь байдаг навчин алиол нь цөөхөн байдаг. Хүүхэд 3-6 сартай үед  төрөхөд 10 байсан навч 20-30 болж нэмэгддэг. Насанд хүрэгчдийн хувьд усан үзмийн хэмжээтэй цулцангууд маш олон болсон байдаг. Тэр усан үзэм шиг зүйлээр хүн хийн солилцоогоо явуулдаг. Таны амьсгалсан агаараар хүчилтөрөгч орсон бол хүчилтөрөгч нь хүний цулцанд ирж цааш судас руу орж өгдөг. Буцаагаад судаснаас хүчилтөрөгчийн хийгээ аваад амьсгалыг гаргаж байдаг. Энэ тогтолцооны хувьд цулцан цөөхөн байх тусам хүүхэд хүчилтөрөгчийн дутмагшилд амархан ордог. Мөн хүүхдийн хавирга хүний нуруу нугаламд бэхлэгдэж байгаа өнцөг нь 90 градус байдаг. Тэгэхээр уушги тэлж чадахгүй байна гэсэн үг. Хичнээн агаар орлоо ч гэсэн тэлж чадахгүй баригдмал болчихдог. Насанд хүрэгчдийн хувьд 45 градус бөгөөд амьсгаллаа тэллээ буцаагаад агшихад хөдөлгөөнтэй байх боломжтой байдаг.

Хүүхдийн өрц ямар үүрэгтэй ямар эрхтэн байдаг вэ?
Хүүхдийн өрц  нас бага тусам өндөр,өргөгдсөн  байдаг. Гэдэс дүүрч хэвлий цардайх үед уушгаа дээш өргөчихдөг учраас амьсгалын дутмагшилд ордог. Тиймээс хүүхэд янцаглаж цөөхөн амьсгалдаг . Хэвлий хийгээр дүүрэх нь шууд амьсгалын замд нөлөөлдөг. Нас бага байх тусам амьсгал руу орж байгаа гуурс богинохон, нарийхан байдаг. Үрэвсэл үүсч, хөөж нарийсвал бүр л зай нь багасдаг. Уушги өөрийгөө цэвэрлэхийн тулд цэр ялгаруулахад  богинохон завсаргүй зайнд цэр гацахаар хүүхэд амьсгалын дутагдал бөглөрөлд орж бөөлждөг. Мэдээж хэрэг 1 настай хүүхдийг 14 настай хүүхэдтэй харьцуулах аргагүй. Тиймээс бага насны хүүхдүүд илүү өвчилж байгаа хэрэг. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндийг эрт үед нь илрүүлж эмчлүүлж байх хэрэгтэй.


Хүүхдийн цус багадалтыг яаж мэдэх вэ?
Та хүүхдийнхээ алгыг өөрийнхөө алгатай харьцуулаад хараарай. Таны алганаас хүүхдийн тань алга цайвар байвал цус багадалтын эхний шинж тэмдэг илэрч шинжилгээ өгөх хэрэгтэй шүү. Ямар нэгэн байдлаар цус алдсан бол нөхөх шаардлага гарна өөр тохиолдолд хоолоор авах ёстой шим тэжээл дутагдсан бол цус багадалт үүсдэг. Бидний улаан эс төмөр, Б 12-ыг эд эрхтэнд зөөснөөр хүний шим тэжээл хангагдаж байдаг. Энэ хангалтгүй ажиллавал эргээд цус багадалт болдог. Та шим тэжээлээ бага авсан учраас таны улаан эс цөөрч байна гэсэн үг. Иймээс хэрэгтээ цагтаа буюу 3 цаг тутам хооллохыг зөвлөж байгаа юм. Та өөрт хэрэгцээтэй хоол хүнсээ авч чадвал цус багадалтанд өртөхгүй гэсэн үг. Зарим эцэг эхчүүд 9 сартай хүүхдэд өдөр бантан өгчихөөд орой өөрсдийнхөө хоолноос өгдөг гэдэг л дээ. Жишээ нь: өдөр 1-2 цагийн үед бантан өгчихөөд орой нь 6-7 цагийн хооронд өөрсдийнхөө хоолноос өгчихөөр 3 цагийн зай маань алдагдаж байна. Хүүхдийн насны зөрлөг үе гэж бий л дээ. 5 сартай хүүхэд бор хоолонд орохын тулд дараагийн шим тэжээлийг өөр хэрэгцээнээс авах болдог. Хөхний сүүнээс авч байгаад мах, уураг, бусад төрлийн шим тэжээл авах үед хүний физлоги өөрчлөгдөж эхэлдэг. Ялангуяа хэвлийд байгаа нянгууд орж ирж байгаа шим тэжээлийг боловсруулахын тулд өөрчлөгддөг. Энэ үе нь өсвөр үеийн шилжилтийн настай адил өөрчлөлт явуулж байдаг. Энэ үед зөн совингоороо мэдэрч хоолонд оруулах, түлхүү хооллох хэрэгтэй. Хүүхдээ маш сайн ажиглахад хэрэгцээгээ илэрхийлж байдаг юм шүү.

Ц.Тэгшбуян

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.