ХАМРЫН ДУСААЛГЫГ УДААН ХУГАЦААНД ХЭРЭГЛЭСНЭЭР ЭРГЭШГҮЙ БҮЦТИЙН ӨӨРЧЛӨЛТ ҮҮСДЭГ

Хамрын дусаалгыг удаан хугацаанд хэрэглэснээр эргэшгүй бүтцийн өөрчлөлт үүсдэг

Хавар дуусч харшилын улирал эхлэх дөхлөө. Харшилаар өвчилсөн ихэнхи хүмүүсийн байнгын хэрэглээ болсон хамрын дусаалганы хор уршигийн талаар танд сонордуулъя. Ихэнхи хамрын дусаалга нь найрлагандаа хүчтэй судас агшаагч агуулсан байдаг бөгөөд таваас дээш хоног уг дусаалгыг хэрэглэснээр хамрын дусаалганы хамааралт байдалд өртдөг. Эхлээд хүчтэй судас агшаагч бэлдмэлийн нөлөөгөөр хамрын судас хэт агшин хүнд тааламжтай мэдрэмжийг өгнө. Үүний дараагаар харшил үүсгэгчээс хөндийрсөн хүний хамрын судас хэвийн байдалдаа эргэн орсон ч тухайн хүнд өргөн буй мэт буюу хамар нь битүүрсэн мэт санагдана. Иймээс тухайн хүнд хамрын дусаалгыг үргэлжлүүлэн хэрэглэх сэдэл төрдөг байна. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилснээр rhinitis medicamentosa буюу “дусаалганы хамааралт хамрын хөндийн үрэвсэл”-ийг үүсгэдэг. Уг нэршил нь харшил судлал болон чих хамар хоолой судлалын салбарт сүүлийн 10аад жилд шинээр гарч ирж буй нэршил бөгөөд харшилын улирал дуусч, харшил төрүүлэгчээс хол байгаа хэдий ч хамрын битүү арилахгүй хэвээр үлддэг хүмүүст уг оношийг тавьдаг байна.

Удаан хугацаанд хүчтэй агшаагч үйлдэлтэй хамрын дусаалга хэрэглэснээр хамрын таславч мөгөөрсний муруйлт, хамрын хөндийн нарийсал, дайврын хөндийнүүдийн үрэвсэл буглаа, тагнайн цоорол, гүйлсэн булчирхайн томрол болон чих хамар хоолойн хорт хавдар зэрэг олон өвчиний эрсдэл нэмэгдэнэ. Мөн хамрын дусаалгыг удаан хугацаанд хэрэглэснээр ойр ойрхон хэрэглэмээр санагдах, хэрэглэсэн ч хамар битүү мэт мэдрэгдэх зэрэг сэтгэл санааны дарамтуудыг ч авчирдаг. Иймээс хамрын дусаалгыг хэрэглэхдээ мэргэжлийн эмчийн заавраар, хамар битүүрэлт нь амьсгал авахад саад учруулж буй үед л хэрэглэх нь зөв юм. Хамрын дусаалгыг сонгохдоо аль болох эмийн агууламж багатай харин физиологийн уусмал ихтэй бэлдмэлийг сонгох хэрэгтэй. Мөн хамрын дусаалгыг таваас олон хоног хэрэглэх хэрэггүй. Зайлшгүй тохиолдлоос бусад үед хамрын хөндийг сайн цэвэрлэх, хамрын хөндийг зориулалтын уусмалаар угаах зэрэг аргыг хэрэглэх нь хамрын дусаалганы хамааралт байдалд өртөхөөс сэргийлнэ.

Манай улсад хүчтэй үйлчлэлтэй хамрын дусаалгыг ямар нэгэн эмчийн зааваргүйгээр удаан хугацаанд хэрэглэдэг дадал аль хэдийн тогтжээ. Нийт хүн амын дунд харшилын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа энэ үед харшилын үед хэрэглэдэг эм бэлдмэлүүдэд ч мөн тодорхой хязгаарлалт тавих цаг нь болсон.

Сэтгүүлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.