АСТМА БУЮУ БАГТРАА ӨВЧНИЙ ҮЕД ЦАЦЛАГЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ НЬ ОЛОН ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ

HiDoctor  5-р сарыг харшлын эсрэг сар болгон зарлаж байна. Харшлын улирал эхэлж байгаатай холбогдуулан харшлын талаархи бүх төрлийн зөвлөгөө мэдээ мэдээллийг хүргэх тул та бүхэн харшилтай холбоотой асуултыг бидэнрүү илгээгээрэй. Бид та бүхнийг мэргэжлийн эмч нарыг холбож өгөх болно.  

           Багтраа нь ханиалгах, дотор давчдах, амьсгалахад исгэрэх чимээ гарах, амьсгалахад хэцүү болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг харшлын шалтгаант амьсгалын замын өвчин юм. Багтраа нь харшлын шалтгаант нас баралтын ихэнх хувийг эзэлдэг бөгөөд цочмог сэдрэлтийн үедээ аюул өндөртэй тул хэрвээ та астматай, өмнө нь уг өвчнөөр өвдөж байсан бол анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй.  Та байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатайгаас гадна харшил төрүүлэгч хүчин зүйлээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Уг өвчнийг бүрэн эмчлэх арга одоогоор байхгүй байгаа бөгөөд харин шинж тэмдгийг хурдан намдааж сэдрэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой. Салхивчийг тогтмол онгойлгон агаар сэлгэлт явуулж байх, 99% хувь хүртэл агаар шүүгчээр тогтмол цэвэршүүлж байх, чанартай тоос сорогч хэрэглэн тогтмол соруулж байх зэрэг аргуудыг хэрэглэснээр астма өвчний сэдрэлтийн тоог бууруулах боломжтой. Мөн хэрвээ та тэжээвэр амьтантай бол боломжтой бол хамт байхгүй байх, хамт байхаар бол 7 хоног бүр усанд оруулах, илүүдэл үсийг нь хусах зэрэг аргыг хэрэглээрэй. Ер нь тэжээвэр амьтад харшлын урвалыг их сэдрээдэг талаар судалгаа баримт олон байдаг. Иймээс аль болох тэжээвэр амьтантайгаа хамт байхгүй байх хэрэгтэй.

Уг өвчний үед хэрэглэдэг цацлагыг зөв хэрэглэх нь мөн их чухал юм. Зарим цацлагын найрлагад дааврын бэлдмэл агуулагддаг бөгөөд удаан хугацаанд хэрэглэснээр залгиурын хэсэгт мөөгөнцөр үүсгэн, цаашлаад бүтцийн алдагдалд хүргэдэг. Иймээс цацлага хэрэглэсний дараа үргэлж цэвэр усаар амаа зайлах хэрэгтэй. Мөн цацлага зөв хэрэглэх арга барилын талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.  Уг цацлагыг шууд цацдаггүй бөгөөд тодорхой барилт болон аргаар цацдаг.

Багтраа өвчний үед хориглох хамгийн чухал зүйл нь тамхи юм. Хэрвээ та астма өвчинөөр оношлогдсон хэрнээ тамхи татсаар байвал өвчний явц асар хурдацтай байх ба хүндрэл өгөх нь ч илүү амархан болно. Дам тамхидалтаас ч  мөн сэргийлэх хэрэгтэй.

Эцэст нь танд дараах шинжүүд илэрвэл багтраа өвчний цочмог сэдрэлт байж болзошгүй тул яаралтай эмчид хандах хэрэгтэй. Үүнд амьсгал авахад хэцүү байх, амьсгал олшрох, хөхрөлт илрэх, зүрх хурдан хурдан цохилох, ярьж чадахгүй болох, нус нулимс их гоожих зэрэг шинжүүд багтана. Хэрвээ та багтраа өвчнөөр оношлогдсон бол гэнэтийн үед хэрэглэх эм бэлдмэлийг заавал өөртөө авч явж байх хэрэгтэй.

Эх сурвалж: www.getasthmahelp.org/adult-faq.aspx

Сэтгүүлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.