ЧОНОН ХӨРВӨСИЙН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ ТОХИОЛДОЖ БОЛНО

Чонон хөрвөс нь төвдөө цайвар, арьсны гадаргуугаас өргөгдсөн, ихээхэн загатналтай , бэлцрүүн тууралтаар илэрдэг бөгөөд маш элбэг тохиолддог эмгэг юм. Уг өвчин залуу эмэгтэйчүүдийн дунд тархалт өндөртэй байдаг. Нийт хүмүүсийн 25-30 хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа цочмог чонон хөрвөсөөр өвдсөн байдаг бол дэлхий даяар архаг чонон хөрвөсийн тархалт 0,2-3 хувь байна.

 Тууралтууд нь биеийн аль ч хэсэгт гарч болох бөгөөд амсгалын замыг хамраагүй бол ихэвчлэн 24 цагийн дотор ор мөргүй арилдаг. Харин амьсгалын замын салстыг хамарсан бол амьсгалахад түвэгтэй болж, ханиалган амьсгал боогдоход хүрнэ. Чонон хөрвөсийн хүндрэл болох квинкийн хавангийн үед хэл залгиур хавагнан амьсгал боогддог. Иймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол амьсгалын дутмагшил болон шокын улмаас нас барах аюултай. Иймээс хэрвээ чонон хөрвөсийн шинж илэрсэн бол мэргэжлийн эмчид заавал хандаж зөвлөгөө авах шаардлагатай.

Уг өвчинөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байхгүй бөгөөд хамгийн гол нь харшил төрүүлэгч бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх шаардлагатай. Мэргэжлийн харшлын эмчид үзүүлж, эмчилгээний заавар зөвлөгөөг чанд дагах нь чухал. Мөн өөртөө гистамины эсрэг буюу харшил дарангуйлагч эмийг тогтмол авч явдаг байх хэрэгтэй. Харшил төрүүлэгчийг тодорхойлохын тулд арьсны бигнэх сорил, хатгах сорил, эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд зэрэг олон аргыг хэрэглэж болно. Шинжилгээний арга сайжирч буй өнөө үед танд 35 минутын дотор л харшил төрүүлэгчийг тань тодорхойлж өгдөг болжээ.

Эрүүл агаарт гарах, эрүүл зөв хооллох, архи тамхи хэрэглэхгүй байх, архаг хууч өвчнөө эмчлэх зэрэг нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. Мөн та харшилтай бол спирт агуулсан бүтээгдэхүүнүүд ялангуяа айраг уухаас татгалзаарай. Халуун ногоо, амттан, зөөлөн чихэр, чипс, өндөг, лаазалсан бүтээгдэхүүн, чацаргана, апельсин, мандарин, манго зэрэг исгэлэн жимснүүдийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хүн өөрийн гэр, ажлын орчныг цэвэрхэн байлгаж, тоосгүй орчныг бүрдүүлэх, архи тамхи хэрэглэхгүй байх, биеэ чийрэгжүүлэх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга юм.

Нийтлэлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.