ТАНЫ ХҮҮХЭД ЭКЗЕМ ӨВЧНӨӨР ШАНАЛДАГ БОЛ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Экзем гэдэг нь нимгэн арьстай хэсгүүдийг буюу гарын ар тал, бугуйн дотор тал, өвдөгний арын хэсэг, шилбэ, нүүр, хацар зэрэг хэсгүүдэд зонхилон гардаг, хамарсан хэсгийн арьсаа хуурайшуулдаг, маш их загатналттай, цэгчилсэн улаан өнгөтэй тууралтат өвчин юм. Харин манай монголчууд чихрийн харшил гэж ярих нь элбэг байдаг. Уг өвчний үед маш их загатнадаг тул олон жил маажсны улмаас арьс зузааран ширшил үүсгэсэн байх нь элбэг байдаг.

Эмнэлгийн хэллэгээрээ атопийн дерматит гэх энэ өвчин сүүлийн жилүүдэд улам ихэссээр л байна. Ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүдэд илэрдэг бөгөөд 5-аас доош насанд илэрсэн бол ирээдүйд  багтраа болон хамрын харшил зэрэг өвчин хамт илрэх магадлал нь ихэснэ. Учир нь багтраа, хамрын харшил, экзем 3-г хамтад нь атопийн гурвал гэж нэрлэдэг ба бие биенийгээ нөхцөлдүүлэн илэрдэг. Иймээс бага наснаас нь эхлэн дараах 2 өвчнөөс сэргийлэх нь чухал юм.

Экзем буюу атопийн дерматит өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бараг л байхгүй бөгөөд удамшлын шалтгаан ихэнх хувийг эзэлдэг. Иймээс нэгэнт атопийн дерматит өвчин илэрсэн бол нарийн мэргэжлийн харшлын эмчийн хяналтанд заавал байж, эмчилгээндээ тогтмол хамрагдаж байх хэрэгтэй. Харин ямар зүйлсийг анхаарах талаар бид танд мэдээ хүргэе.

  • Хамгийн чухал зүйл бол эмчилгээгээ таслахгүй, тууштай хийлгэх хэрэгтэй. Тууралт болон бусад шинж тэмдэг нь намдлаа гээд эмчилгээгээ зогсоох нь дараагийн удаагийн сэдрэлийг улам хүндрүүлдэг.
  • Хүүхэд стресстэх үед буюу уйлах, уцаарлах, уурлах үед тууралт нь ихэсдэг тул аль болох тайван байлгах хэрэгтэй. Үүний тулд хангалттай сайн унтуулж, амрааж, хэт их хичээлээр шахахгүй байх нь чухал.
  • Харшлын сорил тавиулан харшилтай зүйлээс нь хол байлгах нь чухал.
  • Иог болон бясалгал хийх нь уг өвчний сэдрэлийг бууруулдаг талаар олон эрдэмтдийн судалгаа бий.
  • Ногоон цай гэх мэт антиоксидант шинж чанартай шингэн уух нь өвчний шинжийг намдаахад тустай.
  • Мөн хамгийн чухал зөвлөгөө нь арьсаа үргэлж чийглэг байлгах юм. Удаан хугацаанд уг өвчнөөр өвдсөн бол арьс нь их хэмжээгээр тосолсны дараа л сая нэг чийгтэй болдог. Иймээс анхнаасаа арьсаа байнгын чийгтэй байлгах хэрэгтэй. Арьс хуурайших тусам тууралт болон загатнаа ихэсдэг.
  • Цэвэр даавуун материалтай хувцас өмсөх. Нейлон болон бусад төрлийн материалтай хувцас өмссөнөөр харшил сэдрэх аюултай.
  • Амьсгалын дээд замын халдвар буюу ханиад томуунаас маш сайн урьдчилан сэргийлэх. Атопийн дерматит нь багтраагаар хүндэрч илэрдэг тул эдгээр халдвараас хамгаалах нь маш чухал юм. Хэдий чинээ их өвдөнө төдий чинээ хурдан багтраа өвчин илэрнэ. Иймээс дархлаагаа дэмжиж, тэжээллэг хоол хүнс хэрэглэж, Д аминдэм нэмэлтээр авдаг байх хэрэгтэй.

Нийтлэлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.