ХҮҮХДИЙН ХЯЛГАСАН ХОРХОЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Хүүхдийн хялгасан хорхой бол тархалт өндөртэй хүүхдийн өвчний практикт зонхилон тохиолддог эмгэг юм. Хүүхдийн хялгасан хорхой нь хөгжил буурай, хүн ам ихтэй, ундны усны хангамж муу улс орнуудад элбэг байдаг бол хөгжингүй, хөгжсөн орнуудад тархалт бага байдаг.

          Хүүхдийн анус буюу бөгсний хэсэгт загатнах байдлаар илэрдэг уг өвчнийг бүрэн эмчлэх боломжтой. Уг өвчин нь хялгасан хорхой хэмээх маш нарийхан, халдварлах чадамж ихтэй хялгасан хорхойгоор дамжин халдварлагддаг. Ихэвчлэн 5 буюу түүнээс доош насныхан өвчлөх ба түүнээс дээш насны хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүс цөөн тоогоор өвдөнө. Гэхдээ уг өвчнөөр өвдсөн ахлах насны хүүхдүүд болон насанд хүрэгчид нь шинж тэмдэггүй байх нь элбэг байдаг байна.

          Уг хорхой нь анусны орчмын мэдрэлийг цочроон ихээхэн загатнуулсны улмаас хүүхэд гараараа маажна. Тэр гараараа өөр зүйл барих болон хоолоо барьж идэх зэргээр өөртөө болон бусад хүүхдүүдэд халдвар тарааж байдаг байна. Иймээс цэцэрлэгийн өмнөх үзлэг шинжилгээний хялгасан хорхойн үзүүлэлтийг дур мэдэн бөглүүлэх биш заавал халдвартай эсэхээ тогтоолгох нь ач холбогдол өндөртэй.

              Хялгасан хорхойгоо нэгэнт оношлуулсан бол эмчилгээгээ хийлгэх нь чухал бөгөөд үүсгэгчийн эсрэг эмийг эмчийн зааврын дагуу уух хэрэгтэй байдаг. Хамгийн чухал нь хүүхдийн хэрэглэж байсан бүхий л хувцас, хэрэглэл, дотуур хувцас, ор хөнжлийн даавуу болон тоглоом, хичээлийн хэрэглэл зэргийг ариутгах хэрэгтэй ба ариутгах боломжгүй зүйлсийг олны хөлөөс хол хаях нь чухал. Энэ дүрмийг баримтлалгүй зөвхөн эмээ хэрэглэсэн тохиолдолд дахин халдвар авах магадлал маш өндөр. Хэрвээ хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх зэрэг газраас авсан гэж сэжиглэвэл бусад хүүхдүүдэд халдварыг илрүүлэх талаар багш болон нийгмийн ажилтантай харилцан ярилцах хэрэгтэй.

Нийтлэлч: М.Цэнгэл

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.