ХОМХОЙ ДОЛООЛТЫГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Бидний нэрлэж заншсанаар хомхой долоолт хэмээх өвчний анагаахын нэршил нь herpes simplex virus infection юм. Тухайн вирус нь хүний мэдрэлийн системд хадгалагдан хүний дархлаа сулрах болон суурь өвчнөөр өвчлөх үед гарч ирэн идэвхэждэг. Иймээс нэг л удаа хомхой долоолтоор өвдсөн бол бүр мөсөн эмчилнэ гэдэг нь худлаа юм. Ихэвчлэн уруул орчмоор цэврүү маягтай өвдөлттэй тууралт гардаг. Хэдий аюултай өвчин биш ч гэлээ зовуур шаналгаа ихтэйгээс гадна гадаад гоо үзэмжид ч ихээр нөлөөлдөг. Мөн уг вирусийн 2 дахь төрөл нь бэлгийн хомхойг үүсгэдэг бөгөөд уруул орчимд гардаг тууралттай ижилхэн тууралт бэлэг эрхтэн орчим гардаг байна. Уг төрлийн вирус нь бэлгийн замаар болон арьс салст шүргэлцэх үед дамждаг. Энэ үед бэлгийн замаар дамжин халдварлах өвчний нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харин уруул орчмын хомхойн үед ахуйн зарим нэг гэрийн аргууд үр дүнтэй байдаг.

 Уг өвчин вирусаар үүсгэгддэг тул өвөрмөц эмийн эмчилгээ байхгүй. Харин өвдөлт ихтэй бол өвчин намдаах эм хэрэглэж болох бөгөөд ахуйн зарим аргуудыг хэрэглэж болно.

  • Уг өвчнөөр өвдөж байгаа нь таны дархлаа сул байгааг илтгэнэ. Иймээс дархлаа дэмжих зарим аргуудыг хэрэглэх хэрэгтэй байдаг. Жишээ нь хангалттай сайн нойр авах буюу хоногт 8-10 цаг унтвал уг шархлаа амархан эдгэрдэг талаар судалгаа гарчээ.
  • Вирусийн халдварын хамгийн чухал эмчилгээ бол халуун шингэн зүйл уух юм. Хүний биеийн температур 1 градусаар нэмэгдэхэд дархлааны чадамж 6 хувиар өсдөг гэж үздэг.
  • Давстай халуун вантай усанд хэвтэх нь тустай аргуудын нэг юм.
  • Гараа угаах. Ихэнх тохиолдолд уг халдвартай газраа гараараа хүрэн, дахин халдварлуулах нь элбэг байдаг. Иймээс уг газраа хүрэх бүрийнхээ өмнө болон дараа нь гараа угаах зайлшгүй шаардлагатай.
  • Мөсөн жин тавих нь өвдөлт болон улайлтыг нь арилгана. Гэхдээ мөсийг хэзээ ч шууд арьсан дээрээ тавьж болохгүй. Учир нь мөс гэх мэт хүйтний нөлөөгөөр арьсны судсууд огцом агшиж сунаж байдаг тул судас хагарах аюултай байдаг. Үүний оронд тухайн мөснийхөө гадуур цэвэр ариун даавуу юмуу гялгар цаасаар ороон жин тавьж болно.
  • Мөн уруул орчим тань уг вирусийн халдвараар үүсгэгдсэн шархлаа байгаа бол хэн нэгэнтэй бүү үнсэлцээрэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.