САРЫН ТЭМДЭГ ӨВДӨЛТТЭЙ ИРЭХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ?

  Эмэгтэй хүний өвөрмөц бие физиологийн онцлогоос шалтгаалан сарын тэмдэг ирж, үүнээс улбаалан жирэмсэн болж, ургаа тээн төрүүлдэг билээ. Тэгвэл сарын тэмдгийн алдагдалгүй байх нь эмэгтэй хүний эрүүл мэндийн хамгийн чухал асуудал юм. Сарын тэмдгийн хэвийн мөчлөг гэж юу байдаг талаар мэдэхгүй бол өөрийгөө эрүүл эсэхийг мэдэхгүй гэсэн ухагдахуун гарч ирэх юм. Иймээс сарын тэмдгийн хэвийн мөчлөг гэж юу болох талаар хамтдаа мэдэж авцгаая.

          Сарын тэмдгийн хэвийн мөчлөг гэдэг нь 21-35 хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаа нь таны сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхэлнэ. Сарын тэмдгийн үргэлжлэх хэвийн хугацаа 3-7 хоног. Сарын тэмдэг ирэх нийт хугацаанд 10-12 ширхэг ариун цэврийн хэрэглэл хэрэглэхийг хэвийн гэж үздэг боловч эмэгтэй бүрийн онцлогоос шалтгаалан өөр өөр байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ таны мөчлөг дээр дурдсан хугацаанаас богино эсвэл урт үргэлжилдэг, дээр дурдсан хоногоос олон эсвэл цөөн хоног ирдэг бол эмчид яаралтай хандаарай. Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал нь олон өвчний шинж тэмдэг болон илэрдэг.

          Мөн сарын тэмдэг нь ирэхдээ ямар нэг өвдөлтгүй байх ёстой бөгөөд харин сарын тэмдэг ирэхийн өмнө, ирсэн үед болон дараа нь гэдэс дуугарах, өтгөн хатах шингэрэх, сэтгэл санаа өөрчлөгдөх, хөх өвдөх, томрох зэрэг нь хэвийн үзэгдэл юм. Сарын тэмдэг гэдэг нь эмэгтэй хүний 4 үндсэн дааврын нөлөөгөөр явагддаг процесс тул сэтгэл санаа өөрчлөгдөн ажлын бүтээмж муудах нь гарцаагүй үзэгдэл юм. Гэхдээ сарын тэмдгийн үеийн өвдөлтийг яавч зүгээр орхиж болохгүй бөгөөд заавал мэргэжлийн эмчид хандаарай. Учир нь сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь олон өвчний шинж байж болно. Тэр дундаа эндометриоз хэмээх үргүйдэлд хүргэдэг өвчний шинж байж болох тул аюул ихтэй.

          Сарын тэмдэг өвдөлттэй ирсэн үед халуун бүлээн шингэн уух, хэвлий дээрээ халуун жин тавих зэрэг нь өвдөлт намдаах сайн арга юм. Харин дааврын өөрчлөлтөөс болж дагалдан ирж буй шинж тэмдгүүдийг арилгах гэсний хэрэггүй бөгөөд хөнгөн зэргийн дасгал хийж, шингэн зүйл сайн уух зэрэг нь үр дүнтэй. Сарын тэмдгийн үед эмэгтэй хүний сэтгэл санаа ихээр өөрчлөгдөн савладаг тул энэ үедээ чухал шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.