ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНӨӨР ӨВДӨХӨД ХАМГИЙН ТОМ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ТҮРГЭН ХООЛЛОЛТ

          Дэлхий даяар чимээгүй тахал гэж нэрлэгдэж буй чихрийн шижин буюу бидний нэрлэдгээр сахар өвчнийг 2 хэв шинжид хуваан үздэг. Эхний хэлбэр нь удамшлын гаралтай байдаг бол хоёр дахь хэлбэр нь цэвэр тухайн хүний амьдралын хэв маяг болон хооллолт, дасгал хөдөлгөөн зэргээс шалтгаалдаг. Нэг ёсондоо нойр булчирхай хэмээх эрхтнээс маш бага хэмжээгээр ялгардаг инсулин дааврыг хүний биеийн эсүүд мэдрэхээ болисноор чихрийн шижин хэв шинж 2-р өвчилдөг.

          Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрээр өвчлөхөд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь хооллолт юм. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнгээс харахад түргэн хоолны их хэрэглээ нь чихрийн шижин өвчнийг үүсэхэд шууд нөлөөлж байгаа нь батлагдсан байна. Түргэн хоолны гол найрлага нь энгийн нүүрс-ус байдаг. Энгийн нүүрс-ус гэдэг нь хүний биед нарийн гэдсээр шууд шимэгддэг нүүрс-ус бөгөөд цусанд орсон даруйдаа инсулин дааврыг шууд ихэсгэдэг. Инсулин даавар нь түргэн хоол идэх бүрд маш өндөр хэмжээгээр ихэссээр байгаад эцэст нь хүний биеийн эсүүд инсулины хэт их ялгаралтыг тоохоо больдог. Нэг ёсондоо цусан дахь сахарыг бууруулах ёстой инсулин дааврыг эсүүд мэдрэхээ больсноор цусан дахь сахарын хэмжээ үргэлж өндөр байна гэсэн үг юм. Үүнийг л инсулин дөжрөлийн буюу 2-р хэлбэрийн чихрийн шижин гэж нэрлэдэг.

          Тэгвэл таргалалттай тэр дундаа хэвлий хэсгээр буюу төвийн таргалалттай, биеийн жингийн илүүдэлтэй, бугалганы тойргийн хэмжээ их, байнгын суугаа амьдралтай, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй байдаг. Чихрийн шижингээр нэгэнт өвдсөн бол эдгэрэхгүй бөгөөд өдөр тутмын амьдралын хэмнэл, хооллолт, эм тариа зэргийг хянаж байж амьдралын хугацаагаа уртасгадаг хүнд явцтай өвчин юм.

          Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхийн тулд доорх зөвлөгөөнүүдийг дагаарай.

  • Эрүүл зөв хооллох, таргалалтгүй байх, хэрвээ тарган, биеийн жингийн илүүдэлтэй бол эрүүл жиндээ зөвөөр хүрэх
  • Идэвхтэй амьдралын хэв маягтай байх, өөрийн дуртай спортоор хичээллэх, хангалттай алхах
  • Түргэн хоолноос татгалзах
  • Архи согтууруулах ундаанаас татгалзах
  • Тамхи татахгүй байх, татдаг бол гарах
  • Цусны даралтаа тогтмол хэмжүүлэн их байгаа тохиолдолд нарийн шинжилгээ хийлгэх
  • Цусан дахь холестеролын хэмжээгээ хэмжүүлэн үзэх
  • Цусан дахь глюкозын хэмжээг хэмжүүлэх. Эдгээр хэмжилтүүдэд 45-аас дээш насны бүхий л хүмүүс 1 жилд 1 удаа хамрагддаг байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.