ХАМРЫН ДАЙВАР ХӨНДИЙН ҮРЭВСЭЛ (ГАЙМОРИТ) ГЭЖ ЮУ ВЭ?

Хамрын хөндийг тойрч нүүрний ясан дотор байрладаг олон дайвар хөндий байдаг. Эдгээр хөндийнүүдэд өвчин үүсэхийг хүмүүс гайморит гэж ойлгодог.

Үүсэх шалтгаан

Ханиад, харшлын нусгай, хамрын гэмтэл, таславч мөгөөрсний муруйлт гэх мэт янз бүрийн шалтгаануудаар хамар удаан хугацаагаар битүүрснээс эдгээр хөндийнүүд агааргүй болж үүсдэг. Энэ үед эмчилгээ хийгээгүйгээс дайвар хөндийнүүдэд идээт үрэвсэл үүснэ.

Шинж тэмдэг

Хамраас идээтэй муухай үнэртэй ялгадас гоожих, тонгойход хацрын яс, нүдний ухархай, духаар чинэрч лугшиж өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг гарна.

Урьдчилан сэргийлэх арга

Хамар битүүрсэн үед мэргэжлийн эмчид хандан шалтгааныг тогтоож гүйцэд эмчлэх хэрэгтэй. Хамрыг байнга онгорхой байлгах, шүдийг эрүүлжүүлэх шаардлагатай.

Эмчлэх арга

Гайморитын эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээ байх бөгөөд дайвар хөндийгөөс ялгадас чөлөөтэй гарах боломжийг хангахад чиглэдэг. Халуунтай үед хэвтрийн дэглэм сахин, халуун бууруулах, мэдрэлийн өвдөлт дарах бэлдмэл (аспирин, амидопирин) хэрэглэнэ. Хордлого илэрсэн үед антибиотикийг булчингаар хийнэ.  Хамрын салст бүрхүүлийн хөвсийлт, хаванг буулгах зорилгоор судас нарийсгах бэлдмэлийг (галазолин) хэрэглэнэ. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй (хөх гэрлийн ламп, соллюкс, УВЧ шарлага). Антибиотикийг цацлага, утлага хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаан байгаа үед хөндийд хатгалт хийж, халдваргүйжүүлэх бэлдмэлийн уусмалаар угааж, антибиотик хийнэ.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.