ТА БӨӨРНИЙ ЧУЛУУТАЙ ЮМ БИШ БИЗ?

Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно.

Бөөрний чулуу үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ?

Бөөрний чулууг үүсгэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг:

Шээсний замын дахилтат халдварууд

Шингэн зүйл маш бага уух

Шээсний замын бөглөрөл

Хоол хүнсэндээ хэт их кальци, витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх

Кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч төрлийн эмүүд хэрэглэх

Бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлүүд

Бөөрний чулуужилтын үед илрэх шинж тэмдэг:

Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг.

Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно.Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Шээсэнд цус илэрч болзошгүй.

Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Бөөрний чулууг яаж эмчлэх вэ?

Ихэнх жижиг чулуу нь өөрөө аяндаа өдрийн цагаар гадагшилж байдаг. Шингэн зүйл ихээр ууж, эмчийн зөвлөсөн хоолны тусгай хоолны дэглэмийг баримтлах нь нэмэртэй.

Жижиг чулуунууд нь өөрөө гадагшлаагүй тохиолдолд өндөр давтамжтай долгионы тусламжтайгаар элсний ширхэгийн хэмжээтэй болтол нь буталсны дараа шээсээр амархан гадагшилдаг. Том чулуунд голчлон мэс засал хийдэг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.