ХУРДАН ХУГАЦААНД ИХ ЖИН ХАСАХ ЗАЛХУУ ХҮНИЙ ЗАН

Энэ удаагийн ярилцлагын буландаа бид  2018 оны MISS TOURISM WORLD тэмцээний TALENT MISS LABELLMAFIA SPORT CLOTHING INTERNATIONAL EMBASSADOR, TURBOFIT өөх шатаах хөтөлбөрийн далгалжуулагч багш, ONE TEAM BOXING CLUB-н дасгалжуулагч Б.Хуланг урьж таргалалт болон хэрхэн зөв турах тухай ярилцлаа.

Бүсгүйчүүд богино хугацаанд их жин хаяхыг хүсдэг. Энэ нь үр дүнтэй юу?

 Онолын хэмжээнд үзэхэд сард 10 килограмм өөхийг хаяна гэдэг боломжгүй. Эхлээд хандлага өөрчлөх хэрэгтэй. Өөрийгөө бүрэн өөрчлөхөд жилийн хугацаа ч зарцуулагдаж магадгүй. Хэрэв чанартай  үр дүн хүсэж байвал тууштай байх хэрэгтэй. Хурдан хугацаанд турахыг хүссэн хүмүүс ер нь удаан хугацаанд нэг зүйл хийх хүсэлгүй залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг юм шиг санагддаг.

Бүсгүйчүүд хоолоо хасаж турах аргыг  их сонгодог. Энэ зөв үү?

Бүсгүйчүүд хоолыг дэглэм гэж ойлгодог. Дэглэм биш харин өөрийнхөө биед тохирсон хүнсийг хэрэглэвэл ядрахгүй, булчингаа алдахгүйгээр өөрийн хүссэн галбиртай болох боломжтой. Өөрт тохирсон хоолыг хэрэглээгүйгээс бүсгүйчүүд  уналтад орж ядрах гэх мэт зүйлс илэрдэг.Гурван том макро шим тэжээл уураг, нүүрс ус, зөв өөх тосыг маш сайн зохицуулж идэх хэрэгтэй байдаг.

Хоолоо хасаж турах, зөвхөн хөдөлгөөн хийж турах хоёрын нэгийг нь сонгож турах нь зөв шийдэл мөн үү?

Аль аль нь дутагдалтай. Зөвхөн хоолны дэглэм бариад хөдөлгөөн хийхгүй байхад булчин зөв хэлбэрт орж чадахгүй. Хоолоо хянана, хөдөлгөөнөө хийнэ, амарна энэ 3 зүйлийг зэрэг биелэгдэж байж хүн өөрчлөгддөг. Зөвхөн хоол барих үед бүрэн хэмжээгээр өөхөө шатааж чадахгүй. Зөвхөн бэлтгэл хийгээд хоолоо зохицуулахгүй бол бас жингээ хасаж чадахгүй. Тийм учраас энэ хоёр зүйлийг зэрэг биелүүлж явах ёстой.

Стрессээс болж эмэгтэйчүүд таргалах хандлагатай байдаг. Энэ юунаас болдог вэ?

Хүн стрессдэхээр бидний биеэс стрессийн даавар ялгарч байдаг үүнийг кортезол гэж нэрлэдэг. Өөх хуримтлуулдаг 4 төрлийн даавар байдаг инсулин, кортезол гэх мэтчилэн. Эдгээр нь хэт ихээр ялгаруулбал асуудал үүсэж эхэлдэг. Стрессийн даавар нь бидний бие дэх булчингуудыг задалж чихэр болгож хувиргадаг. Энэ нь хэвлийд маш их хэмжээний өөхийг бий болгож өгдөг. Бие болон сэтгэл  санааны хэт их ачаалал авахад энэ нь стресс болж хувиргадаг. Тэр хирээр стрессийн даавар ялгарч хэвлийгээрээ жин нэмдэг. Хэвлийн өөхийг хасах хүсэлтэй хүмүүс стрессээ зохицуулж сурах хэрэгтэй.

Урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.