ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ҮРЭВСЭЛ ХҮНДЭРВЭЛ ҮРГҮЙДЭЛ БОЛОХ БОЛОМЖТОЙ

БЗХӨ туссан эрчүүд хэн нэгний өгсөн буруу мэдээллээс болж түрүү булчирхайн үрэвсэлтэй болж байна. Энэ нь цаашлан үргүйдэлтэй болгодог аюултай. тэгвэл та бүхэнд “Адам” эрэгтэйчүүдийн эмнэлэгийн их эмч Цолмонтой хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Түрүү булчирхай эрхтэн мөн үү?

Эрхтэн нь бүтцээсээ хамааран булчирхай болон булчинлаг эрхтэн гэж хуваадаг. Хүний биеийн хамгийн том булчирхай бол элэг гэгддэг гэхдээ элэг нь эрхтэн юм. Үүнтэй ижил түрүү булчирхай нь эрхтэн энэ нь дотроо булчирхай болон булчинлаг бүтцээс тогтож байдаг учир түрүү булчирхай гэж нэрлэгддэг.

Түрүү булчирхайн үрэвсэл гэж ямар өвчин бэ?

Түрүү булчирхайн үрэвсэл нь илэрч байгаа хугацаа, шинж тэмдэг, зовуураасаа хамааран цочмог болон архаг үрэвсэл гэж байдаг. Үрэвсэл өвчин нь тухайн эрхтний үйл ажиллагаа алдагдаж хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болдог.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Бэлгийн үйл ажиллагаанд ямар хямрал үүссэнээс хамааран өөр өөр байдаг. Хөвчрөлийн эмгэг, түргэн дур тавих, бэлгийн үйл ажиллагааны сонирхолгүй болох гэх мэт өөр өөр асуудал илэрдэг. Дааврын шалтгаантай хөвчрөлийн эмгэгийн үед дээрх шинж тэмдэг илэрдэг. Харин түрүү булчирхайн үрэвслийн үед хөвчрөлийн эмгэг илэрдэггүй. Түргэн дур тавилтын эмгэг илрэх тохиолдол байдаг.

Ямар насны хүмүүс өвчилдөг вэ?

Түрүү булчирхайн үрэвсэл илүү залуу хүн тусах ихсэж байна. Дутуу эдгэсэн, оношлогдоогүй, дур мэдэн эмчлэгдсэн болон бэлгийн замын халдварт өвчин гэх мэт шалтгаануудын улмаас залуу хүмүүс тусах нь нэмэгдэж байна. Жишээ нь , бэлгийн замын халдварт өвчин туссан байх үедээ эмчид хандалгүй хэн нэгнээс сонссон мэдээллээр эмийн сангаас эм авч ууж байна. үүнээс болж түрүү булчирхайн үрэвсэлтэй болж хохирч байгаа хүмүүс цөөнгүй байгаа. Хэрэв олон жил бэлгийн замын өвчин тээж явсан тохиолдолд түрүү булчирхайг үрэвсүүлэх, бусад нян бактериуд түрүү булчирхайд үрэвсэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр залуу хүмүүс энэ өвчин тусах нь элбэг болж байна. 45-аас дээш насны хүмүүст түрүү булчирхайн томрох процесс явагддаг. Үүнээс болж бактерийн гаралтай эсвэл бактерийн бус гаралтай түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг.

Түрүү булчирхайн үрэвсэл туссан хүн үргүйдэлтэй болох боломжтой юу?

Залуу хүний хувьд үргүйдэлтэй болох боломжтой байдаг. Түрүү булчирхай нь үрийн шингэний бүрдэл хэсэг болох шүлтлэг зүйлийг ялгаруулдаг. Энэ нь эр бэлгийн эсийг амьдрах таатай орчинг бүрдүүлж өгдөг. Харин өвчний үед түрүү булчирхай үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаатай холбогдон эр бэлгийн эсийн тоо цөөрөх, хурд багасах гэх мэт байдал үүсэж болдог. Иймээс энэ нь үргүйдэлд тодорхой хэмжээний нөлөөтэй гэж үзэгддэг.

Хэрхэн эмчлэх вэ?

Түрүү булчирхайн үрэвслийг эмчлэхийн тулд зөв оношлогоо эмчилгээ хэрэгтэй. Түрүү булчирхайн үрэвслийн үед  шээсний талын хам шинж, бэлгийн үйл ажиллагааны хам шинж, бага аарцагны хам шинж гэх мэт 3 үндсэн хам шинж илэрч болдог. Хүмүүс өөрт ямар нэг өвдөлт мэдэгдэхгүйгээс үүдэн ойр ойрхон шээх юм уу, дутуу шээж байна гэж бодож явдаг. Ингэснээс болж 2,3 жил болдог. Үүнийгээ дагаад эмчилгээ хийхэд төвөгтэй болдог. Түрүү булчирхайн хавдар, үрэвсэл, томролт энэ бүгдийн шалтгааныг түрүүлж  олох шаардлагатай. 50 настай түрүү булчирхайн томролттой хүнд түрүү булчирхайн  үрэвсэл гэж үзээд антибиотикоор эмчилбэл энэ нь буруу. Тийм учир зөв оношлуулах шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.