ХҮҮХЭД БҮРД ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛ ЕРТӨНЦ БИЙ

Шилжилтийн насныхан буюу өсвөр насны хүүхдийн эцэг эхтэйгээ харилцах харилцаа болон үйл хөдлөл бүгд хаагдмал болж эхэлдэг. Тэгвэл бид энэ үед нь хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж тэдэнтэй ойлголцох хэрэгтэйгээ тухай клиникийн профессор Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.

Өсвөр насны үеийн хүүхдийн эрүүл мэндэд юуг анхаарах ёстой вэ?

Дэлхийд зургаан хүн тутмын нэг нь өсвөр насныхан Монгол улсад дөрвөн хүн тутмын нэг нь өсвөр насныхан байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр манай Монгол улсад бүүр их тооны өсвөр насныхан байна гэж үзэж болно. Өсвөр насныханд бага насны хүүхэдтэй адил байнгын өөрчлөлт бие мах бодод нь гарч байдаг. Энэ насныханд үүсдэг том өөрчлөлт бол бэлгийн бойжилт юм. Энэ нь дааврын зохицуулалтаар явагддаг. Дааврын зохицуулалт нь хүүхдийн сэтгэл санаанд мөн нөлөөлж байдаг. Бэлгийн бойжилтын үед хөвгүүд дуу бүдүүрэх сахал ургах, охид хөх ургах, анхны биений юм үзэгдэх энэ өөрчлөлтүүд цусанд явагдаж байгаагаас сэтгэхүйд нөлөөлдөг. Эрүүл мэндийн хувьд өсвөр насныхны хүүхдийн тулгамдсан гол асуудал нь нэгдүгээр бага насандаа өвдсөн өвчнийг эцэг эхчүүд дутуу эмчилдэг. Зарим тохиолдолд эмч нар дутуу зөвлөгөө өгдөг. Жишээ нь 3, 4 наснаас доош насандаа уушгины хатгалгаагаар өвдлөө гэж бодоход эмнэлэгт 6 хоног хэвтээд гардаг. Зургаа хоног хэвтээд гарахад доод тал нь 7 хоногийн үргэлжлүүлсэн эмчилгээний зөвлөгөөг эмч өгөх ёстой. Манайд гардаг гол асуудал нь нэг бол эмч зөвлөдөггүй, эсвэл эмчийн өгсөн зөвлөгөөг эцэг эхчүүд бүрэн хэрэгжүүлдэггүй. Үүнээс болоод хүүхдийн уушги, гүйлсэн булчирхайн үрэвсэл гэх мэт шалтгаанаар өсвөр насны хүүхдийн зүрх, үе мөч өвдөх тохиолдол байдаг. Нийтлэг буруу ойлголт нь өсвөр насныхан харьцангуй эрүүл өвдөөд байх зүйл байхгүй гэж эмч болон эцэг эхчүүд боддог. Жишээ нь эмч дээр нэг настай хүүхэд болон 12 настай хүүхэдтэй цуг ороход нэг настай хүүхдэд зөвлөгөө өгч байхад 12 настай хүүхэд миний зүрх өвдлөө гэх үед эцэг эхчүүд загнадаг. Ингээд хүүхэд чимээгүй болчихдог. Ер нь өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд эцэг эх, эмч, эмээ өвөө гээд бүх хүмүүс илүү анхаарах шаардлагатай.

Шилжилтийн насны үед нэмэлт витамин уулгахад сөрөг тал бий юу?

Витамин буюу амин дэм гэдэг нь хүний хоногт авах хэвийн тун гэж байдаг. Витамин дутагдлаас гадна витамин ихдэлт гэж мөн үүсдэг. Иймээс батлагдаагүй амин дэм болон бусад уураг, эрдэс бодисуудыг хэрэглэх нь хүүхдэд витамины илүүдэл үүсгэх эрсдэлтэй. АНУ-ын Харвардын их сургуулийн монгол доктор судалгаа хийхэд насанд хүрсэн хүний 90% нь Д витамины дутагдалтай байна гэж гарсан. Хэрэв ээж нь Д-ийн дутагдалтай байвал хүүхэд төрөлхийн Д витамины дутагдалтай гарч ирдэг. Д амин дэмийг илүү өндөр тунгаар хэрэглэх ёстой. Д амин дэм нь  биед орсон кальци, фосфорыг ясны чөмгөнд хүргэх үүрэгтэй байдаг. Д хэрэв дутагдвал хэчнээн кальци уусан ч ясанд очдоггүй. Хүүхэд эцэг эхийн дундаж  өндөртэй байдаг. Гэхдээ спортоор хичээллэх илүү их идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь хүүхдийн өсөлт хөдөлгөөнд нөлөөлдөг. Ямар нэг батлагдсан батлагдаагүй амин дэм болон байгалийн гаралтай бодисоор “нүдэхийн” оронд хүүхдээ эрүүл агаар салхинд гаргах, ямар нэг спорт, бүжгээр хичээллүүлэх нь илүү зөв юм. өөрөө хэлбэл хүүхэд спортоор хичээллэснээр хүүхэд бусадтайгаа эрүүл харилцаанд ордог, багшаасаа хатуу үг сонсож сурдаг. Харин ийм зүйл мэдэхгүй хүүхдүүд ээж аав, багш нараасаа үг сонсдоггүй болдог. Хөдөлгөөн гэдэг бол бие мах бодийн хөдөлгөөн төдийгүй оюун санааны төлөвших бие даах чадвартай болгодог. Их сургууль төгсөөд ажилд ороход тухайн хүнээс аль сургууль төгссөн ямар мэргэжилтэйгээс гадна багаар  ажиллах чадвар шаарддаг. Ийм чадварыг мөн спорт сургадаг.

Өсвөр насны үеийн сэтгэлзүйн онцлог ямар байдаг вэ?

Өсвөр насны хүүхэд гэж анагаах ухаанд ярьдаггүй учир нь хүүхэд ч биш том хүн ч биш учир өсвөр насны үеийнхэн гэж ярьдаг. Өсвөр насныханд өөрийгөө тодорхойлох хэрэгцээ байдаг. Өндөр нам, царайлаг царай муутай, туранхай бүдүүн гэх мэтчилэн хэрэв өөрийгөө буруу тодорхойлбол анагаах ухаанд хэлэгддэг өөрийгөө тодорхойлох эмгэг гэж үүсдэг. Өөрийгөө буруу тодорхойлсон үед ангийнхан, сургууль, хамт олон, найз нөхдөөсөө өөрийгөө тусгаарладаг. Хэт муухай ааштай болох магадгүй өөрийгөө буруу тодорхойлсноос амьд харилцаанд орохгүй интернэт орчинд харьцаж улам өөрийгөө тусгаарладаг болдог. Үүнээсээ болоод ямар нэгэн гэмт хэргийн хохирогч болох гэх мэт эрсдэлийг дагуулж байдаг. Иймээс энэ үеийн хүүхдийн сэтгэхүй насанд хүрэгсэд шиг тогтворжоогүй байгаа онцлогийг ойлгож ярилцах хэрэгтэй. Ер нь монгол эцэг эхчүүд бага насны хүүхэдтэй маш хөндий хандаж байгаад том болох үед нь хяналт тогтоох гэхэд хүүхэд улам зугтаадаг. Ийм зүйл болгохгүйн тулд бага наснаас нь тухайн хүүхэдтэй ярилцаж байх хэрэгтэй.

 

Хичээл тараад хүүхдүүд найзуудтайгаа тоглох, хичээл хийх гэх мэт зүйлс хийхэд эцэг эхчүүд дургүйцдэг. Энэ нь хүүхдэд нөлөөлдөг үү?

Энэ нь маш буруу. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн багш сургалт орж байхдаа энэ тухай ярьж байсан. Хүүхдийг оройтож ирэх үед хаагуур яваад ирэв гэж асуухад хаагуур ч яваагүй, хэнтэй явсан гэхэд хэнтэй ч яваагүй гэж ярьдаг. Үүнийг сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зүгээс оношлохдоо “миний хаагуур явах, хэнтэй явах танд ямар хамаатай юм бэ? би том болчихсон” гэх хандлага гэж үзэж байгаа. Тиймээс хүүхдийг гадуур амьд харилцаанд ороход дэмжих хэрэгтэй. Учир нь тухайн хүүхдэд өөрийн ертөнц, ашиг сонирхол, өөрийн гэсэн хүрээлэл байдаг. Тэр орчиндоо хүүхэд амьдрах цаг боломжийг гаргаж өгөх ёстой байдаг.

Өсвөр насны үеийнхэнтэй харьцахад эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

Өсвөр насныхан гэдэг нь анагаах ухаанаар том хүн ч биш хүүхэд ч биш. Гэхдээ өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө насанд хүрсэн хүн гэж үздэг. Иймээс энэ үеийнхэнтэй харьцахдаа өөрсдийн үеийнхэнтэй харьцаж байгаатай адил өөрийгөө тухайн хүүхдийн төвшинд аваачиж сонирхдог зүйл, юунд тэмүүлж байгааг нь мэдэж ярилцаж байж өсвөр насныхантай ойлголцоно. Аав хүүхэд гэх харилцаа нь хүүхдийг улам холдуулж сургуулиа хаях, гэрээсээ зугтах гэх мэт сөрөг үр дүнгүүд гарна.

Маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.