БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

БЗДХ-тай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийснээр дамжин халдварладаг бүлэг өвчнийг бэлгийн замаар дамжин халдвар гэнэ. БЗДХ нь шээс бэлгийн зам болон нөхөн үржихүйн эрхтэнүүдийг гэмтээхийн зэрэгцээ бусад эрхтэн тогтолцоонд ч нөлөөлнө.

БЗДХ –ын үед ямар шинж тэмдэгүүд зонхилон илрэх вэ?

Бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах

Бэлэг эрхтэн орчим загатнах, улайх, торох

Бэлэг эрхтэн дээр яр, шарх, тууралт гарах

Бэлгийн хавьтлын үед өвдөх, эвгүй үнэр үнэртэх

Бэлгийн замаар дамжих халдварт өвчинд тэмбүү, заг хүйтэн, трихомониази, хламидий, бэлгийн хомхой, бэлгийн үү, мөөгөнцөр, ХДХВ/ДОХ зэрэг өвчнүүд орно.

БЗХӨ – Хүний Дархлал Хомсдолын Вирус, Дархлалын Олдмол Хомсдол (ХДХВ/ДОХ)

Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг.

ХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдолын Вирус, ДОХ гэдэг нь Дархлалын Олдмол Хомсдол гэсэн шинжлэх ухааны нэр томьёоны товчлол юм.

Дархлал хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлдэг. Хам шинж гэдэг нь аливаа нэг өвчний үед халуурах, хоолонд дургүй болох зэрэг олон янзын байдлаар хавсарч илрэхийг хэлнэ. Эдгээр үгийг нийтэд нь хамтатган тайлбарлавал ХДХВ-ын халдвар авсан хүмүүст ДОХ-ын шинж тэмдэг илэрч, бие махбодь нь халдвартай тэмцэх чадваргүй болно гэсэн үг юм.

ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана. Иймд ХДХВ-ын халдвартай хүний дээрх шингэнүүд өөр хүний биед орсноор халдварлана. ХДХВ нь агаарт удаан хугацаагаар амьд байж чаддаггүй.

Халдварлах замууд:

  • Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
  • Цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх
  • Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх
  • ДОХ-ын халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварлана.

ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм.

Шинж тэмдэг:

ДОХ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж өвчлүүлдэг нэг өвчний дараалсан үе шат юм. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дунджаар 6 сараас 10 жил үргэлжилдэг. Энэ хугацаанд эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.

  • Биеийн жин буурах
  • Байнга ядрах
  • Шөнө хөлрөх
  • Хүзүү, суга, цавины булчирхай томрох
  • Амьсгаадах, хуурай ханиах

Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигны үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. Нэгэнт ДОХ өвчний энэ шатанд хүрсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг.

Халдварыг илрүүлэх:

ХДХВ-ийн халдварыг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие 4-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд ч илрэхгүй байж болдог. Халдвар авснаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “Цонх үе” гэнэ.

Эмчилгээ:

Энэхүү вирус нэгэнт биед нэвтрэн орсон нөхцөлд түүнийг устгах төгс эмчилгээ, үр дүнтэй урьдчилан сэргийлэх тарилга хараахан нээгдээгүй боловч энэ өвнөөс сэргийлэх аргуудыг бүрэн тогтоосон юм. Харин вирусын үржлийг зогсоох эмчилгээ эсвэл хавсарсан эмийн эмчилгээ хийгддэг. Эдгээр нь ХДХВ-ын халдвар ДОХ болох хугацааг уртасгана гэсэн үг юм.

Халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Та бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэснээр энэхүү өвнөөс сэргийлж болно.

  • Аман секс хийх үед бэлгэвч хэрэглэх.

Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.

  • Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх .

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРААС ХЭРХЭН  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих/гэр бүлээс гадруурх бэлгийн харьцаанаас зайлсхийх/

Гэр бүлийн хосууд бие биедээ үнэнч байх/бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх/

Өсвөр үе, залуучууд маань амьдралын ханиа сонгон гэр бүлийн амьдрал зохиох хүртэл бэлгийн харьцаанд эрт орохгүй байх

Бэлгэвчийг зааврын дагуу зөв, тогтмол хэрэглэх

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, БЗДХ-ын илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх

БЗДХ –ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчин илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх

Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.