ЖИРЭМСНИЙ АМРАЛТТАЙ БАЙХ ХУГАЦААНД ДАХИН ЖИРЭМСЭЛБЭЛ ТЭТГЭМЖ АВАХ УУ?

Албан журмын даатгуулагчийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцон 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгодог.

Харин сайн дурын даатгуулагчийн хувьд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Мөн даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа тухайн эмнэлгийн байгууллагаар бичүүлсэн байх ёстой. Үүний дараагаар заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалагдах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгснөөр амаржсаны тэтгэмжийг тооцон олгодог.

Жирэмсний амралтаа аваад хүүхдээ өсгөж байх хугацаандаа дахин жирэмсэлсэн бол нийгмийн даатгалаас дээрх тэтгэмжийг дахин авах боломжтой. Энэ тохиолдолд тэтгэмжийг бодохдоо өмнө бодож олгосон тэтгэмжийн дунджаас тооцон олгоно.

Жирэмсний амралттай байх хугацаанд даатгуулагч эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн ажил олгогч байгууллага нь сар бүр төлөх үүрэгтэй. Харин хувиараа буюу сайн дураар даатгуулагчийн шимтгэлийг төрөөс түр хариуцдаг гэдэг нь худлаа мэдээлэл юм. Сайн дурын даатгалд хамрагдаж байсан эхийн жирэмсний чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн эх өөрөө хариуцдаг байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.