УМАЙН ГАДНАХ ЖИРЭМСЛЭЛТ

Умайн гаднах жирэмслэлт гэж юу вэ?

Үр тогтсон өндгөн эс умайн хөндийн гадна бэхлэгдэн байрлахыг умайн гаднах жирэмслэлт гэж нэрлэдэг. Энэ нь 50 жирэмслэлт тутамд 1 тохиолддог байна.

Үр тогтсоны дараагаар хөврөл эс умайн гуурсан хоолойгоор дамжин умайд орж ирдэг. Хэрэв гуурсан хоолой гэмтсэн эсвэл бөглөрсөн байвал хөврөл эс умайн хөндийд орж ирж чадалгүй тэндээ бэхлэгдэн хөгжиж эхлэдэг. Иймд ихэнх тохиолдолд (95% орчим) умайн гаднах жирэмслэлт аль нэг талын гуурсан хоолойд үүсдэг.

Хааяа цөөн тохиолдолд умайн гаднах жирэмслэлт гуурсан хоолойноос гадна өндгөвч, хэвлийн хөндий, умайн хүзүүнд явагддаг. Ховор тохиолдолд хэвийн жирэмслэлт умайн гаднах жирэмслэлттэй зэрэг болдог бөгөөд үүнийг гетеротопик жирэмслэлт гэж нэрлэдэг. Энэ нь үргүйдлийн эмчилгээ хийлгэж байгаа үед ихэвчлэн тохиолддог байна.

Хэрэв умайн гаднах жирэмслэлтийг эрт оношлож эмчлэхгүй бол хөврөл томрон гуурсан хоолойг задлаж гэмтээдэг. Үүний улмаас хүчтэй өвдөлт болон цус алдалт үүсдэг. Улмаар цус алдалт үргэлжилж яаралтай мэс засал хийхгүй бол амь насанд аюул учруулж болно.

Умайн гаднах жирэмслэлт үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс

Умайн гаднах жирэмслэлт сексийн идэвхтэй харилцаанд байдаг нөхөн үржихүйн насны доорх эрслдэлт хүчин зүйлстэй эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог.

Умайн гаднах жирэмслэлт үүсэхэд нөлөөлөх гол эрсдэлт хүчин зүйлсд:

Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнөөр өмнө нь өвдөж байсан

Хламид,гоноррей зэрэг бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байсан

Өмнө нь умайн гадуур жирэмслэж байсан

Үргүйдлийн улмаас гуурсан хоолойдоо мэс ажилбар хийлгэж байсан

Сүүлийн хоёр жилийн дотор дурангаар болон төрсний дараа жирэмслэхээс сэргийлж үр дамжуулах гуурсан хоолой боолгосон

Умайн хөндийд жирэмслэлтээс хамгаалах ерөндөгтэй байсан

Ерөндөгтэй байхдаа жирэмслэсэн

Удаан хугацааны үргүйдэл

Сексийн олон хавьтагчтай байх

Үтрээний угаалга тогтмол хийх зэрэг ордог.

Умайн гаднах жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Умайн гаднах жирэмслэлт ихэвчлэн жирэмсний 6-7 дах долоо хоногт оношлогддог. Зарим үед ямар нэг шинж тэмдэг илрэлгүйгээр жирэмсний эхний гурван сарын хугацаанд хэт авиан шинжилгээгээр оношлогдох нь бий.

Умайн гаднах жирэмслэлтийн шинж тэмдэгүүд хүн бүрд өөрөөр илэрдэг бөгөөд умайн гаднах жирэмслэлт задарсан тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчийн яаралтай тусламж хэрэгтэй болдог. Умайн гаднах жирэмслэлт гэрийн нөхцөлд хэрэглэдэг тестээр илрэхгүй байж болох бөгөөд хэрэв эргэлзээтэй байвал тестийн хариу эерэг гарахыг хүлээлгүй эмчид үзүүлээрэй. Умайн гаднах жирэмслэлтийг аль болох эрт хугацаанд илрүүлэх нь тухайн эмэгтэйн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид даруй хандаарай. Үүнд:

Хэвлий болон бөгс рүү тулж өвдөх. Өвдөлт гэнэт эхлэх, даамжрах хандлагатай байх зэрэг онцлог шинжүүдээс гадна хүчний хувьд янз бүр байж болно. Зарим үед өвдөлт хэвлийн нэг талд байрлаж болох бөгөөд дотор муухайрах огиулж бөөлжих шинж тэмдэгүүд дагалдан гарч болно.

Үтрээнээс хүрэн бор өнгийн цуслаг ялгадас бага хэмжээгээр үргэлжлэн гарч болно.

Хөдлөх , ханиалгах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үед өвдөлт нэмэгдэнэ.

Эгэм мөр рүү өвдөлт дамжих. Хэвлийн хөндийд цус алдаж байгаа үед ялангуяа хэвтэхэд мөр, эгэм рүү өвдөлт дамждаг. Энэ нь хэвлийн хөндийд сул байгаа цус өрцны мэдрэлийг цочроосонтой холбоотой үүсдэг.

Гуурсан хоолой хагаран цус алдалт үүссэн үед толгой эргэх, нүд бүрэлзэх,арьс цайх, хүйтэн хөлс гарах, зүрхний цохилтын тоо олшрох зэрэг шокийн шинж тэмдэгүүд илэрч болно. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт даруй хэвтэх хэрэгтэй.

Умайн гаднах жирэмслэлтийн оношлогоо

Умайн гаднах жирэмслэлтийг оношлох нь амаргүй. Хэрэв танд энэ хэлбэрийн жирэмслэлтийн шинж тэмдэгүүд илэрч байвал эмч дараах шинжилгээнүүдийг хийж онош тодруулах болно. Үүнд:

Цусанд хүний хорионий гонадотропин дааврын түвшинг тодорхойлно. Хэрэв хэвийн жирэмсний үед байх хэмжээнээс бага байх болон өвдөлтийн шинж тэмдэг илрээгүй байгаа нөхцөлд хоёроос гурав хоногийн дараагаар шинжилгээг давтан хийдэг. Дааврийн түвшин энэ үед зохих хэмжээгээр нэмэгдээгүй бол умайн гаднах жирэмслэлт болон зулбалт байх магадлал өндөр байдаг.

Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг хийнэ. Үүгээр умайн эмзэглэл, арын хүнхрээний байдал болон дайвруудад үүсгэвэр байгаа эсэхийг тодруулна.

Хэт авиан шинжилгээ. Хэрэв эмч хэв авиан шинжилгээгээр гуурсан хоолойд байгаа хөврөлийг илрүүлж чадвал умайн гаднах жирэмслэлт гэдэг нь тодорхой болно. Гэвч ихэнх тохиолдолд хөврөл эрт үедээ амьгүй болдог бөгөөд ийм үед хэт авиан шинжилгээнд илрэхгүй байж болдог. Харин үүний оронд гуурсан хоолой хөөж томорсон, хөврөлөөс үлдсэн эдийн хэсэг болон цус, бүлэн харагдаж магадгүй.

Жирэмсний тест эерэг гараад харин хөврөл олдохгүй байвал умайн гаднах жирэмслэлт байж магадгүй гэж үздэг. Гэвч энэ шинж тэмдэг эрт үеийн зулбалтын үед гарч болдогийг санаарай. Өвдөлтийн шинж тэмдэг илрэхгүй байвал эмч дааврын шинжилгээ болон хэт авиан шинжилгээг онош батлагдан шинж тэмдэг тодорхой болтол давтан хийнэ.

Умайн гаднах жирэмслэлтийн эмчилгээ

Онош хэр батлагдсан, хөврөлийн хэмжээ хир зэрэг том байгаа, ямар багаж хэрэглэх боломжтой байгаа зэргээс эмчилгээний арга хамаарна.

Хэрэв онош батлагдсан хөврөлийн хэмжээ жижиг, цус алдалт үүсээгүй байгаа нөхцөлд Метотрексат хэрэглэдэг. Энэ эмийн бодисийг булчинд тарьж хэрэглэдэг бөгөөд цусны урсгалд шимэгдэн орж ихэсийн эсийн өсөлтийг зогсоосноор жирэсмлэлтийг тасладаг. Хэсэг хугацааны дараа хөврөл шимэгдэн алга болдог. Эмийн бодисын үйлчлэлтэй холбоотойгоор хэвлийн өвдөлт , дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэгүүд илэрч болно.

Метотрексат хэрэглэж байгаа үед түүний үйлчлэлд саад болох мултивитамин, фолийн хүчил агуулсан нэмэлт бүтээгдэхүүн, согтууруулах ундаа болон бэлгийн харьцаанаас зайлсхийх хэрэгтэй. Энэ эмчилгээг хийлгэсний дараагаар цусанд хорионий гонадотропины хэмжээг дахин үзэж жирэмслэлт зогссон эсэхийг тодруулдаг.

Хэрэв метотрексат хэрэглэсний дараагаар хүчтэй өвдөлт болон дотуур цус алдалтын шинж тэмдэгүүд илэрвэл мэс заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй болдог. Мөн та хөхүүл хүүхэдтэй эсвэл эрүүл мэндийн байдлаас болж энэ эмийн бодисийг хэрэглэх боломжгүй бол шууд мэс заслын эмчилгээг сонгох болно.

Таны биеийн байдал тогтвортой, хөврөлийн хэмжээ жижиг байгаа нөхцөлд дурангийн мэс заслын аргыг сонгож болно.

Харин дотуур цус алдалт үүссэн, хөврөлийн хэмжээ том байгаа тохиолдолд дурангийн мэс засал хийх боломжгүй бөгөөд хэвлийн хөндийн хагалгаа хийх шаардлага гарч ирнэ.

Нэг удаа умайн гаднах жирэмслэлт болсны дараагаар амжилттай жирэмслэж болох уу?

Тиймээ. Умайн гаднах жирэмслэлт эрт үедээ оношлогдсон, умайн гуурсан хоолой ноцтой гэмтээгүй нөхцөлд дахин амжилттай жирэмслэж болно. Эсвэл нэг талын гуурсан хоолой гэмтсэн ч нөгөө талынх нь хэвийн байгаа тохиолдолд бас болно. Хэрэв жирэмсэн болсон байж магадгүй шинж илэрвэл эмчид очиж үзүүлэн хэт авиан шинжилгээ болон дааврын хэмжээг нарийн хянах хэрэгтэй.

Бас нөгөө талаас умайн гаднах жирэмслэлтийн дараа үрийн хоолой гэмтсэн жирэмсэн болох боломжгүй үед in vitro fertilization (IVF) буюу зохиомол үр шилжүүлэн суулгах аргыг хэрэглэж болно. Энэ нь эхнэр болон нөхрийн бэлгийн эсийг зохиомлоор нийлүүлэн хөврөл эс гарган авч эхийнх нь умайд шууд суулгаж өгдөг арга юм.

Дахин умайн гаднах жирэмслэлт болж болох уу?

Ерөнхийдөө эхний жирэмслэлтийн шалтгаан болон эмчилгээнээс хамаарч дахин умайн гаднах жирэмслэлт болох магадлал 10-15% байдаг байна. Энэ утгаараа дахин хэвийн жирэмслэлт болох магадлал маш өндөр буюу 85-90% гэсэн үг. Хэдий тийм боловч түрүүчийн умайн гаднах жирэмслэлтийн шалтгаан үрэвсэлт өвчин, үрийн хоолой боолгосон зэрэг байсан бол нөгөө талын гуурсан хоолой гэмтсэн байх магадлал өндөр байдаг. Ийм үед үр тогтох магадлал багасч дахин умайн гаднах жирэмслэлт болох эрсдэл нэмэгддэг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.