РАХИТ НЬ Д ВИТАМИНЫ ДУТАГДЛААС ҮҮДЭЛТЭЙ БАЙДАГ

Хүний биеийн Са болон Р хэмээх эрдэс бодисын солилцооны алдагдлаас ясанд өөрчлөлт гарснаар рахит өвчин үүсдэг. Уг солилцооны алдагдал нь ясны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг Д амин дэмийн дутагдалд хүргэдэг. Үүнтэй холбогдуулан “Буман хүүхэд” хүүхдийн эмнэлгийн эмч Т.Даваахүүтэй ярилцлаа.

Рахит гэж юу вэ?

Рахит гэдэг нь витамин Д-ийн дутагдал юм. Витамин Д-ийн дутагдал хүүхэд, том хүн, хөгшид өвгөд гэх мэт бүх төрлийн хүнийг хамардаг. Хүүхдийн амьдралын эхний нэг жилд хүүхэд өсөж хөгжих эрчимтэй шат нь явагддаг. Энэ үед витамин Д маш ихээр дутагддаг.  Витамин Д-ийн дутагдалд  төрхийн өмнө болон дараа орж болдог. Монгол улс эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрүүлэх зорилт тавьж байгаа. Витамин Д-ийн дутагдалтай ээжээс витамин Д дутагдалтай хүүхэд буюу рахиттай хүүхэд төрдөг. Өөр нэгэн шалтгаан нь төрсний дараа эхийн сүүнд витамин Д маш бага хэмжээтэй байдгаас витамин Д-ийн дутагдалд орох тохиолдол байдаг.

Рахиттай хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Төрөхдөө хэрэв витамин Д-ийн дутагдалтай төрсөн бол ургал мэдрэл талаас буюу унтаж байхдаа чанга дуугарах, тайван унтаж чадахгүй байх шинж тэмдгүүд илэрч болдог. Үүнээс гадна хүүхэд хөхөө хөхдөө маш их хөлрөх байж болно. Энэ нь витамин Д-ийн анхны шинжүүд юм. Витамин Д мэдрэлийн өөрчлөлтүүд өгөхөөс гадна ясны өөрчлөлт өгдөг. Хүүхдийн толгой данхайж томрох үүн дотроо дух нь урагшаа гарч ирэх, толгой дээр дөрвөн дөрвөлжин гэж яригддаг дух нь дээрээ төвгөртэй арагшаа мөн төвгөр дөрвөлжин трапец хэлбэртэй толгойтой болсон байдаг. Үүнээс гадна нүдний шил зүүсэн юм шиг хүүхдэд гувруу татаж ирэх гэх мэт эхний шинж тэмдгүүд үзүүлдэг. Хүүхдийн ясжилт явагдах үед хүүхдийг тэврэх үед бамбалзах хэт их зөөлөн байх, 3,4 сартай үед хавиргад бөндгөрүүд үүсэх, булчингийн өөрчлөлтүүд гардаг. Хэвлий төрөх үеэс цардгар  байх гэх мэт олон шинж тэмдгүүд гардаг.

Рахит хүндэрвэл ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Рахит өвчнөөр өвдчихсөн, витамин Д-ийн дутагдалд орчихсон хүүхэд маш их өвчлөмтгий байдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулах нөлөөтэй витамин Д дутагдах үед маш их өвчлөмтгий болдог. Тэр дундаа амьсгалын замын өвчнөөр өвдөх үед жишээ нь хөнгөн ханиад хүрэх үед өвчин нь заавал цааш ужгарч даамжирч бронхит уушигны хатгалгаа болдог. Бронхит уушгины хатгалгаа нь энгийн хүүхдэд 7-14 хоногт эдгэдэг бол рахиттай хүүхдэд сар юм уу 28 хоног түүнээс цааш хугацаанд эдгэрэхгүй үргэлжилдэг. Рахиттай хүүхэд гэдэг нь цус багадалттай тураалтай хүүхдийг бий болгох боломжтой.

Рахиттай хүүхдийн үе мөч болон ясанд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

Хамгийн түрүүнд толгойн ясанд өөрчлөлт гарна. Дараа нь цээжний ясанд өөрчлөлт гарна. Үүнээс болж амьсгалын чадамж, амьсгалах хэлбэр хэмжээ, хүчил төрөгч муутай өөрийгөө тэжээж чадахгүй агаарыг өөртөө хуримтлуулах цаашлаад хэвлийн булчин бүрэн ажиллаж чадахгүй дотор булчингууд суларч хоол шингэц мууддаг. Мөн ялгадас гадагшлуулах үйл ажиллагаа саатаж эхэлдэг. Доошоо хөлийн хэсгээр бол хөлийн шилбэний 1/3 хэсэг нь мурийж хөлийн булчингууд үйл ажиллагаа хэвийн бус гишгэлт буруу тавилттай Х болон О майга хүүхэд бий болдог. Үүнээс гадна витамин Д-ийн уух хэмжээнд хяналт тавиагүйгээс болж витамин Д-ийн илүүдэл болдог. Илүүдэл нь бүүр хэцүү байдаг. Ийм учраас эмчид сайн үзүүлж байх хэрэгтэй. Хүүхэд төрөөд 7 хоног болгон эмчид үзүүлж байвал хүүхэд эрүүл өснө. Ингэснээр рахит гэх энэхүү өвчнөөс хүүхдээ эмчлэх боломжтой юм.

Рахитаар хүүхдээ өвчлүүлэхгүйгээр хүүхдээ хэрхэн өсгөх вэ?

Эхийн хөхний сүүгээр бойжиж буй хүүхэд рахитаар өвчлөх нь бага байдаг. Хүүхдийг угжаар өсгөх нь ходоодыг нь дүүргэж байгаа болохоос тухайн хүүхдийн амьдралын явцад хэрэгтэй амин дэмээр  хангаж чаддаггүй. Эхийн сүү нь харшлын өвчин үүсгэдэггүй давуу талтай, шимэгч хорхойн эсрэг бодистой, хүүхдийн өсөлт гүйцээх даавруудтай байдаг. Ийм учраас ядаж 6 сар хүртэл нь эхийн сүүгээр бойжуулах хэрэгтэй.

Жирэмсэн эхүүд рахиттай хүүхэд төрүүлэхгүйн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

Анхаарах нилээд хэдэн зүйл байдаг. Хамгийн түрүүнд эрүүл агаарт гарч, дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед компьютер болон утастай ажиллаж суугаа байдал ихээр үүсэж байна. Үүнээс болж витамин Д шингэх, зохицох, биед хүртэх хүртээмж нь мууддаг. Тухайн хүний уусан витамин элэг болон бөөрөөр дамжиж цусан шингэн бусад эрхтэнд тархдаг. Энэхүү үйл ажиллагааг дэмжихийн тулд хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гэтэл хөдөлгөөн хязгаарлагдмал ажилтай гадаа агаарт сайн гарч чадахгүй, нэмэлтээр витамин Д уугаагүй тохиолдолд рахиттай хүүхэд төрдөг. Энэ бүгдийг анхаарч сүү сүүн бүтээгдэхүүн уух хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэй өдөр 400 мл сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Жишээ нь 200 грамм тараг 200 грамм сүү уух гэх мэтээр цагаан идээнээс кальцийн нөхөлтийг авах хэрэгтэй. Д витамин дутагдахад хамгийн түрүүнд кальци, фосфор буюу хүүхдийн өсөлтийн явцад шаардагдах яс бэхжүүлэх, тархины үйл ажиллагааг дэмжих, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулах витамин дутагддаг. Энэ дутагдлыг үүсгэхгүйн тулд жирэмсэн ээжүүд төрхөөсөө өмнө болон дараа анхаарах хэрэгтэй.

Рахиттай хүүхдэд ямар эмчилгээ хийгддэг вэ?

Нэгдүгээрт эмчид үзүүлж хүүхдэдээ хангалттай витамин Д уулгах, хоёрдугаарт хүүхдэд дасгал хөдөлгөөн сайн хийлгэх шаардлагатай. Хүүхдийг хүй цөглөсний дараа, хүйн эдгэрэлт гүйцсэний дараагаас эхлэн дасгал хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхэд эхийн сүүгээ хөхөөд боловсруулах чадамжаа дээд хэмжээгээр олж авдаг. Залуу ээж нар өөрийн мэдлэг дутуугаас ч юм уу. Хүүхдээ тэвэрч суудаг, хувцсыг нь угаадаг, хоолыг нь хийдэг. Гэхдээ массаж, гимнастик, иллэг, дасгал хийх гэх мэт зүйлсийг орхигдуулдаг учраас рахит өвчин даамжрах хандлагатай байдаг. Тэр дундаа булчингийн хүчдэлийн сулрал болж даамжрах нь элбэг тохиолдож байна. Энэ нь ханиад тусахад хүүхэд цэрээ гаргаж чадахгүй болдог. Мөн амьсгалд оролцох булчингийн хүч суларснаас болж маш удаан хугацаанд өвдөж эмийн үйлчилгээ гарахгүй байх тохиолдлууд илэрдэг.

Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

Баярлалаа.Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.