НҮДНИЙ ӨӨХЖИЛТИЙГ НҮДНИЙ МАХТАЙ АНДУУРДАГ

Нүдний олон өвчин байдгаас монголчуудын дунд түгээмэл тархсаныг нь энэ удаа онцолж байна. Зөрөөд өнгөрөх зарим хүний нүдэнд өөх, мах ялимгүй ургасан байдгийг та анзаарсан уу. Гэхдээ олонх нь үүнийг өвчин гэж үздэггүй, байдаг л зүйл мэтээр хүлээж авах нь бий. Энэ удаагийн ярилцлагын буланд “Тэгш оршихуй” нүдний эмнэлгийн их эмч Ю.Адьяатай нүдний өөхжилтийн талаар ярилцлаа.

Нүдний өөхжилт яагаад үүсдэг вэ?

Нүдний өөхжилт нь тийм ч аюултай өвчин биш. Нүдний өөхжилтийг хүмүүс нүдний махтай андуурдаг. Мах ургасан гэдэг нь нүдний өвчлөлд ордог. Энэ нь хараанд нөлөөлдөг бөгөөд хүүхэн хараа руу солонго давж ургадаг. Зайлшгүй эмчилгээ хийлгэж мэс заслын аргаар авч, лазер эмчилгээ хийлгэж эдгэдэг. Өөх гэдэг нь цагаан нүдэн дээр шар өөх гарахыг ард түмний хэлээр өөх гэж хэлдэг. Энэ нь голдуу дотор эрхтний өөрчлөлт буюу цөсний өтгөрөлт, хана зузааралтаас болж шар туяатай өөхжилт үүсдэг.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Өөх гэдэг нь нүдний цагаан хэсэг шаргалдуу туяатай товойж жижиг судас үүсдэг. Үрэвсэхгүй бол энэ нь мэдэгддэггүй. Үрэвсээд цөсний хана зузаарч, цөсний чулуутай болсон үед шаргалтаж зузаардаг үүнийг хүмүүс өөх гэж ярьдаг. Үүнийг нүдний практикт өвчин гэж хүндрүүлдэггүй. Харин нүдний мах гэвэл зайлшгүй авахуулах шаардлагатай тусдаа оноштой өвчин болдог.

Ямар насныханд ихэвчлэн илэрдэг вэ?

Залуу хүмүүст харьцангуй гайгүй 40-өөс дээш насныхан ихэвчлэн нүд нь шаргалтаж илэрдэг. Залуу хүмүүс нүд нь шаргалтдаг нь ихэвчлэн багадаа шарлаж байснаас болдог. Настай хүмүүст өөхжилт их бага хэмжээгээр байдаг. Үүнд хэт их ач холбогдол өгөх шаардлагагүй.

Нүдний өөхжилтийг хэрхэн эмчилдэг вэ?

Их хэмжээний өөхийг авах заалт байдаг. Голдуу дотор эрхтний эмчилгээг хийх хэрэгтэй гэж миний хувьд зөвлөдөг. Нүдний цагаан бор хоёр ялгарахгүй болтлоо өөхлөг болоод судас үүсдэг. Хөдөөний иргэд цаг агаарын байдлаас хамаарч судас нь дээр нь мах үүсдэг. Мах өөх хоёрыг сайн ялгах хэрэгтэй. Нүдний өөхийг бол хагалгаагаар авах шаардлага бараг байдаггүй. Нүдний дусаагуур хэрэглэж нүдээ хуурайшуулахгүй байж, харааны шил болон нарны хамгаалалттай шил зүүж явбал өөх нэмэгддэггүй. Нүдний өөхийг мэс заслаар авах үед цус алдах эрсдэлтэй байдаг.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Залуу хүмүүс өөрийн дотор эрхтнийг эход харуулаагүйгээр ирдэг нь тэдний хувьд онош тавьхад илүү хүндрэл учруулдаг.  Харин настай хүмүүс өөрийн дотор эрхтний өвчлөлийг мэддэг учраас эмчилгээг нь бичиж өгөхөд илүү хялбар болдог. Товойж хөөсөн үед ч нүдний дусаалга болон бусад эмчилгээг бичиж өгхөд 7-14 хоногт нимгэрдэг.

Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

Баярлалаа.Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.