ЖИРЭМСНИЙ ҮЕД ЯАГААД НОЙРГҮЙДДЭГ ВЭ?

Олонх эмэгтэй жирэмсэн болоод л нойрондоо маш сайн болно гэж боддог. Гэвч яг жирэмслээд ирэхэд энэ нь эсрэгээрээ эргэх нь бий. Байгаль эх биднийг хамгийн сайн амрах хэрэгтэй байгаа энэ үед маань хамгийн ихээр тохуурхдаг гэвэл нэг их үнэнээс зөрөхгүй байх. Яагаад гэвэл энэ үед нурууны өвдөлт ихээр мэдрэгдэж, давсаг ойр ойрхон дүүрээд, байн байн угаалгын өрөөнд “дуудагдаад”, бас том гэдэс маань хоёр хажуу тийшээ харж хэвтэхээс өөр сонголт өгдөггүй. Ядаж байхад хажуугаар нь толгой дотор хүүхдийнхээ талаар бодсон олон санаа зоволт эргэлдээстэй. Тиймээс нойргүйдлийн шалтгаан, түүнтэй тэмцэх зальтай аргуудыг “Монголжингоо” нь хуваалцаж байна.

Давсгаа байнга сул байлга

Жирэмсэн болоход давсагны багтаамж багасдаг. Яагаад гэвэл хүүхэд маань умай дотор томрохын хэрээр тэрээр давсгийг дардаг. Тиймээс орой унтахаас 1-2 цагийн өмнө уух юмаа багасга.

Дотор муухайрах

Хоосон ходоод шөнөжин хонхолзох хэцүү шүү. Ийм үед хөнгөн зууш, жигнэмэг, самар хамгийн тустай. Тэгэхээр эдгээрийг унтахынхаа өмнө орныхоо дэргэд тавиад хоновол шөнө сэрээд шууд л амандаа хийчихэд нойр хулжихаас сэргийлж чадна.

Хоол шингэхгүй, дотор хорсох

Гэдсээ дүүртэл идэхээс зайлсхийж байгаарай. Хөнгөнөөр олон удаа хооллох нь өдөрт 3 удаа хүнд хоол идэхээс хамаагүй дээр. Мөн исгэлэн жимс, халуун ногоо, шарсан, хуурсан хоол, шоколаднаас татгалз. Учир нь эдгээр нь хоол боловсруулах эрхтэнийг гэмтээдэг. Эдгээр аргыг хэрэглээд ч нэмэр болохгүй бол мэргэжлийн эмчид хандаарай.

Хөлийн шөрмөс татах

Маш олон эмэгтэйн хувьд шөнө дундын хар дарсан зүүд нь хөлийн шөрмөс татах. Өсгийнөөсө эхлээд эрээн булчин хүртэл нь хөлөө унтахаас өмнө зөөлөн илж байгаарай. Эсвэл шөрмөс татсан газарт шилтэй халуун усаар жин тавих, зөөлөн алхах зэрэг аргыг хэрэглэж болно.

Нойргүйдэх

Төрөх хугацаа ойртох тусам жирэмсэн эмэгтэйчүүдийн нойр хулждаг байна. Тиймээс унтахаа дөхүүлээд халуун бүлээн усанд хэвтэх зэргээр өөрийгөө амраагаарай. Эсвэл таны алжаал тайлах жирэмсний хөнгөн дасгалуудыг хийснээр энэ зовиураас салж чадна.

Ямартаа ч танд гэж зөвлөхөд юун түрүүнд өөрийгөө унтаж чадахгүй байна гэж огт битгий бодож байгаарай. Шөнө сэрээд цаг руу харах бүр ч хэрэггүй. Харин амьсгалаа жигд уртаар авч тайвширч, эргээд нойрсохыг хичээ.

Хүүхдээ эрүүл өсч байгаа эсэхэд санаа зовох

Үнэндээ та ганцаараа биш бүх л гэр бүл тээж буй хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж байдаг. Хэрэв санаа тань бүр зовоод байвал төрөхийн өмнөх бэлтгэлтэй холбоотой ном, сэтгүүл, мэдээлэл унш. Хань, нөхөртэйгөө хамт уншвал бүр ч сайн. Та эдгээрээс өөрийн айдсыг холдуулах аргыг олно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.