АГААРЫН БОХИРДОЛ БА ЭРҮҮЛ МЭНД

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдгийг ДЭМБ-аас нэгэнт хүлээн зөвшөөрч, 2013 онд хортой агаар нь хорт хавдар үүсгэгч болохыг зарласан. Саяхан Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” дээр ДЭМБ-аас болон ЭМЯ-наас илтгэл тавихдаа агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөлөл, тоо баримтуудыг дурдсан.

ДЭМБ-ын зөвлөмжөөр бол айл өрхийн хэрэглээнд түүхий нүүрс түлэх ёсгүй.

Гэвч өнөөдөр бодит байдал дээр Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрс түлж буй айл өрх  агаарын бохирдлын 80 хүртэл хувийг “үйлдвэрлэж” буй гол эх үүсвэр болж байна.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн илтгэлд дурдсанаар, агаарын бохирдол нь цаг уурын хүчин зүйлтэй хавсран нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 52.9, зүрх судасны өвчлөлийн 20, уушгины хавдрын 40,  хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн  24.1 хувийн шалтгаан болж байна.  Мөн  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн  2014 онд хийсэн хамтарсан  судалгаагаар Улаанбаатар хотод өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа нь  тогтоогдсон ба  агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 гр-аар бага байгааг тодорхойлсон байна.  Жирэмсэн үеийн эхийн тамхидалт, дам тамхидалт нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг ч тэмдэглэжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар  Улаанбаатар хотын хүүхдийн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний  ихэнх нь уушигны доод замын цочмог халдвар буюу хатгалгаанаас үүдэж байгааг тогтоож,  хүүхэд насандаа агаарын бохирдолд өртөх нь цаашид агаарын бохирдолтой холбоотой архаг өвчнөөр өвчлөх тохиолдлыг улам ихэсгэх магадлалтай гэсэн байна.

 Түүхий нүүрсний дутуу шаталт, барилгын болон үйлдвэр, замын тоос шороо, ил задгай үнс зэргээс үүсдэг нарийн ширхэгт тоосонцор буюу  PM 2.5-ийн агууламж агаарын чанарын стандарт хэмжээнээс 9-31 дахин их байгаа бөгөөд энэ нь бусад бохирдуулагчаас хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлж байна гэж  судалгаагаар тогтоожээ.

Мөн хүхэрлэг  хий /CO2/, азотын давхар исэл /NO2/, угаарын хий буюу нүүрс төрөгчийн дутуу исэл /СО/-үүд  дан болон хавсарсан байдлаар  хурц,архаг өвчлөл үүсгэдэг ба агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй байгааг ЭМЯ-ны илтгэлд өгүүлсэн. Агаарын бохирдлоос шалтгаалсан  өвчлөлийг  бууруулахгүй бол  эрүүл мэндийн салбарт дарамт болж байгааг ч тэмдэглэв.  НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран агаарын бохирдлын эсрэг хариу арга хэмжээ аваагүйгээс гарах үр дагаврын өртгийн тооцооны судалгааг хийж,саяхан урьдчилсан танилцуулгыг хийсэн.

http://ncph.gov.mn сайтын мэдээлэлд дурдсанаар, хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнд агаарын бохирдлын үзүүлж буй төсвийн ачаалал  2025 он хүртэл жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж. Ингэхдээ зөвхөн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд зарцуулж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний шууд зардал болон улсын төсвөөс нэг хүнд зарцуулж буй эрүүл мэндийн зардлыг тогтвортой түвшинд байхаар тооцсон байна.

Засгийн газрын  2017 оны  гуравдугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан  “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг  2017-2025 онд  хэрэгжүүлснээр  агаар бохирдуулагч эх үүсвэрийг  80 хувиар  багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тусгасан.

Хэрвээ уг  хөтөлбөрт туссан зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол үүнтэй холбоотой гарах хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал дангаараа 2017-2025 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээнд 24,5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгааг дээрх судалгааны урьдчилсан дүнг танилцуулах үеэр тэмдэглэжээ.

Харин өнөөдөр нийслэлчүүдийн хувьд  агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байгаа юм. Агаарын бохирдлыг гадаад болон дотоод агаарын бохирдол гэж ангилдаг бөгөөд ДЭМБ-аас мэдээлснээр жилд дэлхий дахинд гадаад орчны агаарын бохирдлын улмаас 3.0 сая хүн, дотоод орчны агаарын бохирдлын улмаас 4.3 сая хүн нас бардаг ажээ.

АГААРЫН БОХИРДЛООС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ

Гэр, байшингаа эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй болгох, түүхий нүүрснээс татгалзаж, цэвэр түлш,эрчим хүч хэрэглэх өрх гэр бүлийн хэрэглээг Засгийн газар дэмжих,   бодлогын хэрэгжилтийг сайжруулах, агаарын чанарыг тогтмол хянах зэрэг олон ажлыг төр, ТББ-ууд, иргэд хамтран хийж агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд өрх гэр бүлийнхнийхээ, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаар хүн бүр санаачлагатай  байх  нь чухал юм.

ДЭМБ, ЭМЯ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудаас  агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд:

Томуугийн  эсрэг вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийх

Агаар шүүгчийг цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд байршуулах

Маск тараах, хэрэглэх

Мэдээлэл сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх

Илчлэг сайтай хоол идэж, хүүхдээ хөхөөр хооллох

Иргэдийн эко хэрэглээ, санал санаачлагыг дэмжих

Агаарын чанарыг хянах зэрэг зөвлөгөөг өгдөг.

Томуугийн эсрэг вакцин:   Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугаар өвчлөх, хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга гэдгийг ДЭМБ зөвлөдөг. Вакциныг хийлгэснээс хойш хоёр  долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг. Вакциныг   бага насны хүүхдүүд, халдвар авах эрсдэлтэй эмнэлгийн байгууллагынхан, хүн ам бөөнөөр цуглардаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс ,  архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд, уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй хүмүүст хийх шаардлагатай.  Энэ жил улирлын томуугийн вакциныг  зарим хувийн эмнэлгүүд есдүгээр сараас хийж эхэлсэн бол  ХӨСҮТ аравдугаар сараас хийж эхлээд байна.

Агаар шүүгч: Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд гэр, сууцандаа түүхий нүүрс түлэх, тамхи татах, мөн гадаад орчны агаарын бохирдол нэвтрэх зэргээс болоод дотоод орчны агаарын бохирдолд ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд өртөх нь элбэг. Тиймээс болж өгвөл түүхий нүүрс түлэхгүй, түллээ гэхэд галлагааны өрөө нь бусад өрөөнөөс тусдаа байх, сайжруулсан түлш, зуух хэрэглэх, гэртээ тамхи татахгүй байх, гадаа бохирдол ихтэй үед хаалга, цонхоо онгойлгохгүй байхыг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байна. Ялангуяа цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг газруудад, гэр орондоо  HEPA шүүлтүүртэй агаар шүүгч тавих шаардлагатай.

Саймон Фрейзерийн их сургууль, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  хамтран жирэмсэн эхчүүдэд судалгаа хийжээ.  Судалгаагаар жирэмсний явцад агаар цэвэршүүлэгч тогтмол хэрэглэх нь нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг 25 хувиар бууруулж, ургийн өсөлтөд сайнаар нөлөөлснийг тогтоосон байна.

Агаар цэвэршүүлэгч  хэрэглэсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлт  хэрэглээгүй эмэгтэйчүүдийнхээс сайн байжээ.

Мөн 2016  онд сургуулиудын анги танхим дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж Монгол улсын агаарын чанарын стандартаас 3.1-10.05 дахин их буюу сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамны судлаачид   судлан тогтоосон байна. Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх, гадаад орчны  бохирдлыг бууруулахын  тулд  Засгийн газрын шийдвэрээр  шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Энэ шийдвэрийг ажил хэрэг болгох, ард иргэдийн хэрэглээг дэмжихээр БОАЖЯ-наас санаачлан  Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг “Барилга Мега стор” төвд ажиллуулж эхлээд байна.

Амны хаалт  хэрэглэх:

Ялангуяа агаарын бохирдол ихтэй өглөө, оройд ажил, хичээл, цэцэрлэгтээ явах үедээ  тусгай шүүлтүүртэй, эрүүл мэндийн шаардлага хангасан материалаар хийсэн амны хаалт зүүж хэвшихийг зөвлөж байна. Ингэснээр тоос тоосонцор, хүхэрлэг  хий,  азотын давхар исэл  зэрэг хорт хийгээр хордохгүй байх боломжтой.

Агаарын чанарыг хянах:

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос www.agaar.mn вэб сайт болон agaar.mn утасны апликейшнийг ажиллуулж байгаа бөгөөд нийслэлийн оршин суугчид эдгээр сайт, апликейшнээр агаарын чанарыг хянаж, ажил амьдралаа зохицуулах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.