ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА ЭЭЖҮҮД ӨВДӨЛТИЙГ ЗӨВ МЭДРЭХ ЁСТОЙ

Эмэгтэй хүн болж төрсний гайхамшиг дуусдаггүй гэдэгтэй та санал нийлэх үү? Эмэгтэй хүн болж төрөх, тэр тусмаа эх хүн болно гэдэг энэ дэлхийн хамгийн гайхамшигтай мэдрэмж гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз. Тэгвэл жирэмсэн болон төрөх үедээ юуг анхаарах ёстойг “Цацрах итгэл” эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгт эмч Н.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Жирэмсний бага сартайд юуг анхаарах ёстой вэ?

Эмэгтэй хүн жирэмсэн болсон эхний 3 сардаа эмнэлгийн хяналтад орох ёстой. Өөрийн идэж ууж байгаа зүйл болон өмсөх хувцсандаа хүртэх анхаарах шаардлагатай болдог. Эхний 12 недел хүртэл эд эрхтний суурь тавигдаж байдаг учир хүчтэй эмийн бодис дур мэдэн хэрэглэж болохгүй. Жирэмсний хугацаанд кофе, газтай ундаа, даршилсан лаазтай зүйлс болон өндөг загас идэхийг зөвшөөрдөггүй. Яагаад загасыг хориглодог вэ гэхээр загасны яс хоолойд нь тээглэх аюултай, хахаж ханиалгах нь тонусыг ихэсхэд нөлөөлдөг. Дээр нь баяр ёслолын өдрүүдэд өндөг идэх үед хордлого авч огиулж бөөлжүүлэх нь мөн тонус ихсэж ураг зулбах магадлалтай.Жимс ногоог идэж болдог гэхдээ мандарин болон шар өнгөтэй жимс ногооноос татгалзах хэрэгтэй. Учир нь сахарын агууламж ихтэй учир диатизтэй хүүхэд төрөх магадлалтай учир битгий идээрэй гэж зөвлөдөг. Мөн халуун ногоо идэх нь мөөгөнцөр үүсгэгч болдог. Хэт их давс сахарын бүтээгдэхүүнтэй хоол идэхгүй байхыг зөвлөдөг.

Бага сартайд хордлого их өгдөг. Энэ үед юуг анхаарах ёстой вэ?

Хордлого өгч байх үед дандаа эмийн бодис хэрэглэх хэцүү байдаг. Иймээс цагаан гаа, зөгийн балтай цай ууж болно. Мөн хэт их өлсгөлөн явах үед цөс ялгарч ходоодонд орж сөргөө гэдэг зүйл үүсэж цээж гашуу оргидог. Тиймээс хэтэрхий өлөн битгий яваарай гэж хэлмээр байна. Хүн өглөө яарч огцом босоод үйлдэл хийдэг энэ үед наран сүлжээ цочирдчихдог гэж үздэг. Маш их хордлоготой байгаа үед амархан шингэх гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг орныхоо хажууд тавиад өглөө шүдээ угаалгүй дөнгөж сэрсэн үедээ хэвтрийн байдалтай идээд 30-40 минут хэвт. Шингэлээ гэж бодох үедээ тайван босоод шүдээ зөөлөн угааж цайгаа уугаад явах нь зөв. Ингэхгүйгээр өглөө эрт яарч босоод шүдээ угаагаад, ганц аяга ус уугаад гарч явбал тэр өдөржин дотор муухайрч явах боломжтой.

Жирэмсний дунд саруудад юуг анхаарах ёстой вэ?

Дунд саруудад 13-20 недел хүртэл болно. Энэ үед өөрийн идэж уух зүйлсээс гадна мазок дээрээ их анхаарах хэрэгтэй. Мазок нь үтрээний бохирдолт их байх тусам доошоо ялгарах цагаан юмны хэмжээ ихсэж байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсэн учраас энэ ихсэж байна гэдэг. Гэтэл энэ их байх тусам ураг зулбах эрсдэл болох гээд байдаг. Тэгэхээр цагаан ялгадас өнгө болон үнэртэй болоод ирвэл эмчдээ хандах хэрэгтэй. Заавал би тэдэнд үзүүлэх ёстой гээд хүлээгээд байж болохгүй. Хэрэв ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрсэн бол эмчдээ хандаж тохирсон лаа болон эмчилгээг бичүүлж авах хэрэгтэй.

Мазокийн өвчлөлд юу нөлөөлдөг вэ?

Би эмэгтэйчүүдэд эмчилгээ хийхдээ дан ганц эмэгтэйд эмчилгээ хийдэггүй. Эрчүүддээ хамт эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Мазокийн шинжилгээ авах үед бактери ихэссэн, хэвийн бичил орчин алга байна, үрэвсэл болон мөөгөнцөр үүссэн байдаг. Тэгэх үед хэвийн бичил орчин яагаад юунаас болоод алга болсон бэ гэдгийг мэддэггүй. Үүнийг бактериальный вагнет гэж эмнэлгийн хэллэгээр нэрлэдэг. Бактер их гарч байгаа нь ахуйн замын бохирдол байж болно эсвэл нөгөө талаасаа биеэ даасан бөөр өвдөлт байж болно. Ганцхан мазокоор бүх юмыг оношлон гэж байдаггүй. Мазок гэдэг нь нийт 100 хувь байлаа гэхэд эмчийн нүдэнд харагдаж байгаа 50-60 хувийг л оношлогдог. Харагдахгүй байгаа 30-40 хувийг PCR гэх шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Бактериальный вагнетийг үүсгээд байгаа нэг хүчин зүйл нь ахуйн замын бохирдолт. Ахуйн замын бохирдолт нь жирэмсэн байгаа үед өдөр тутам хэрэглэх, жирэмсэн болоогүй эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэх үед ариун цэврийн хэрэглэлийг солилгүй удаан хугацаагаар хэрэглэдэг. Мөн тампон их хэрэглэдэг хүмүүст бактериальный вагнет их болдог. Хоёрдох шалтгаан нь эр бэлэг эрхтнийг угаахгүй бэлгийн харьцаанд орох. Нөхөртөйгээ илэн далангүй байж нэгдүгээрт нөхрийнхөө бэлэг эрхтнийг угаалгаж сургах, хоёрдугаарт өөрийн бэлэг эрхтнийг хэт их олон төрлийн савангаар угаах нь ашигтай бактери устах шалтгаан байж болдог. Нөгөө талаас муу угааснаас мөн үүдэж болдог. Эмэгтэй хүнд шалтгаан маш олон янз байдаг. Төрөлтийн явцад болон ядарч сульдсанаас цагаан мах гарах, тураах бодис хэрэглэж гүйлгэх үед дутуу арчсанаас мөн энэ нь үүсдэг. Охид өмсөх гэж байгаа дотуур хувцсаа зөв сонгох хэрэгтэй. Хэт нарийн дотуур хувцас өмсөх үед үрэгдэж өтгөн нь шээсний сүвэнд хүрэх тохиолдол гарч болно.

Бидний анус үрчлээ, нугалаа ихтэй бид охин байх үеэсээ хойноосоо урагшаа арчиж заншсан байдаг. Хэдий арчаад байгаа мөртлөө нугалаанд өтгөн үлдсэнийг үгүйсгэх арга байхгүй. Яаг ийм тохиолдолд эрэгтэй хүний бэлгэ эрхтнийг угаалгасан ч харьцаанд орох үед үрийн шингэн ялгарч үтрээгээ олохгүй дээшээ доошоо хөдөлгөх үед тухайн өтгөн бэлэг эрхтэнд наалдан санамсаргүйгээр шээсний сүв болон үтрээнд хүрдэг. Ингэж шээсний сүвэнд хүрснээр доороосоо даараагүй мөртлөө  цистид болж ирдэг. Үтрээ рүү орсон үед эвгүй, хурц үнэртэй ялгадас гараад ирдэг. Энэ үед эрэгтэйчүүдээс “чи яасан бэ?” гэж асуухад би яагаачгүй гэдэг. Гэтэл эр эрхтэн зөөсөн гэдгээ мэддэггүй. Иймээс эрчүүдтэйгээ илэн далангүй ярилцах хэрэгтэй.

Эмэгтэй хүний бэлэг эрхтний онцлог гэж байдаг. Шээсний сүв, үтрээ, анус гэх 3 сүвтэй байдаг. Эдгээр нь маш ойрхон зайд байрладаг. Дээр нь эмэгтэй хүний үтрээ нь өргөн мөртлөө богино зайтай байдаг. Эмэгтэй хүн бөөр өвдсөнөө мэддэг. Гэтэл эрэгтэй хүн өөрийгөө өвдсөнийг мэддэггүй. Эрэгтэйн бэлэг эрхтэн онцлог нэг сүвээр хоёр өөр үйл ажиллагаа явагддаг. Дээр нь эр бэлэг эрхтэн маань урт байдаг. Эмэгтэй хүн бол шээсний сүвээ арчиж хэвшсэн байдаг. Харин эр бэлэг эрхтэн бие заслаа хэд сэгсэрлээ арьсан дотор хураагдлаа. Усанд орохгүй, ажлын ачаалалтай эсвэл хэт тарган, сахарын өвчтэй бол ахуйн замын бохирдол мөн явагддаг. Бэлгийн дуршил хүрэх үед угаалгүй шууд бэлгийн харьцаанд орвол үс болон юу ч орж болно. Ингээд эмэгтэй бэлэг эрхтэн бохирдох нэг шалтгаан болж болдог.

Мөн эр бэлэг эрхтэн өвдөөд байгаагаа мэдэхгүй тоохгүй явах тохиолдол байдаг. Шээх үед бактерийг хаядаг, шээхээ болих үед бактери үлдчихдэг. Энэ үлдэгдэл дур тавих үед цуг гадагшилдаг. Үүнээс өгсөх замын халдвар үүсдэг. Тйим учраас эмчилгээ хийлгэхдээ эрэгтэй хүнтэйгээ хамт хийлгэж бай гэж зөвлөдөг.

Жирэмсний сүүлийн саруудад юуг анхаарах ёстой вэ?

Сүүлийн саруудад бэлгийн харьцааг хорьдог. 32 неделтэйгээс жирэмсний хожуу үеийн хордлого илэрдэг. Энэ үед хүзүү хөших, дотор муухайрах, аюулхай орчимд харлаж байгаа мэт мэдрэмж төрөх, нүдэнд оч үзэгдэх, шалтгаангүй толгой өвдөх тохиолдлууд гардаг. Оч үзэгдэх гэдэг нь гялс гялс гээд юм үзэгдэх биш нүдэнд юм гүйгээд байгаа мэт үзэгдэхийг хэлж байгаа юм. Ингэх үед даралт ихэсдэг. Даралт ихэссэнийг энэ шинжээр мэдэж болно. Хоёрдугаарт хавагнаж, шээсээр уураг ялгарах эдгээр нь жирэмсний хожуу хордлогын шинж юм. Энэ үед үтрээгээ ариун болгох ёстой. Өөрт тохирсон лааг хэрэглэж төрөх замыг цэвэр болгох хэрэгтэй. Мөн энэ хүртэл жин ихсэх гээд байна гэдэг шалтгаанаар бидний бичиж өгдөг элевит витаминыг уудаггүй. Сүүлийн үед жин сайтай хүүхэд төрж байгаа нь витамин сайн хэрэглэж байгаатай холбоотой. Элевит витамин нь дотроо жирэмсэн эхэд хэрэгтэй бүх витаминыг агуулсан байдаг учир жирэмсний хугацаандаа ууж байх хэрэгтэй. Хэрэв ходоод нь өвддөг бол нэг сар уугаад нэг сар амрах журмаар уух хэрэгтэй. Дээр нь 28 неделтэйгээс хойш хөхний толгойг оролдож хөхний толгойг гаргаж эмрэх, цэвэрлэх үйл ажиллагааг хийж болно.

Төрөх үед юуг анхаарах хэрэгтэй вэ?

Төрөлтийн өвдөлтийг эмчээрээ заалгасан байх ёстой. Би бол төрөх дөхсөн ээж нартаа төрөх үед юу юуг бэлдсэн байх ёстойг хэлж өгдөг. Төрөх болох үед шууд гараад явахад бэлэн байхын тулд иргэний үнэмлэх, ягаан дэвтэр бичиг баримт бэлдсэн байх хэрэгтэй. Тухайн ээжийн хувьд цэвэрлэх клизм, доороо дэвсэх даавуу, том хүний памперс хоёрыг, нойтон салфетка доод тал нь хоёрыг бэлдсэн байх хэрэгтэй. Төрөх үед тулгуу очсон үед клизмээр өтгөн их гардаг энэ үед нойтон салфетка маш их хэрэг болдог тул аль болох олнийг бэлдэх хэрэгтэй.

Төрөлт эхлэх үед эмэгтэйчүүд өвдөөд байна гээд уйлаад орилоод байдаг. Энэ үед би эмэгтэйчүүдэд ус, шингэн зүйлсээ сайн уу гэж хэлдэг. Сүүтэй цай уугаад амаа завааруулахгүйгээр шингэн давс султай хар цай, буцалсан ус ууж болно. Өвдөлт өгөх үед усаа сайн ууж зөв амьсгалах хэрэгтэй. Базлалт эхэллээ гүнзгий амьсгаа авлаа амаараа зөөлөн гаргалаа. Энэ дасгалыг хийж байх ёстой. Зарим төрөх эмнэлгүүдэд бөмбөг байдаг. Зориулалтын бөмбөг дээр сууж массаж хийж булчингаа суллаж байх ёстой.

Төрөх эмнэлэг дээр очоод намайг буцаагаад байна гэдэг. Хэрэв 10 минутын зайтай нэг өвдөх үедээ 30 сек өвдөж байвал энэ нь төрөх үеийн өвдөлт юм. Өвдөлт нь нэг холдоод нэг ойртоод байвал эсвэл 30 секунд өвдөх ёстой байтал бүтэн 1 минут ч юм уу өвдөөд байж болно. Энэ нь өвдөлт биш дуншилт байх нь гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Төрөх эмнэлэгт очиход гурван зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Жигдхэн өвдөлт өгч эхэлсэн байна уу. Ээж нар утасны цаг хараад байдаг нь буруу, утасны цаг нь өвдөлтийн цагийг хархад тохиромжгүй байдаг. Тиймээс эмнэлэг дээр очихдоо бугуйн секундийн зүүтэй цагийг авч очих хэрэгтэй. Жишээ нь:  12-оос өвдөлт өгч эхэллээ гэхэд секундийн зүү явсаар 6 дээр очих буюу 30 секунд өвдөлт өгч байна. Өвдөлт өгч дууссанаас цагаа хараад өвдөхгүй 1 минут 2 минут өвдсөнгүй. 3 минут боллоо 30 секунд өвдөж байвал энэ нь өвдөлт мөн гээд төрөх эмнэлэгтээ очих хэрэгтэй. Харин энэ цаг замбараагүй өгч байвал өвдөлт биш байна гээд түр хүлээх хэрэгтэй.
  2. Хүлээж байх хугацаанд доошоо ус гарах магадлалтай. Сүүлийн үед жирэмсэн ээжүүдэд төрөх дөхөөд ирэх үед ариун цэврийн хэрэглэлийг битгий хэрэглээрэй гэж зөвлөдөг. Яагаад гэвэл хөвөн зөөлөн материалаар хийгдсэн ариун цэврийн хэрэглэл болон өдөр тутам гарсан усыг шингээгээд алга болоод байдаг учир мэдэгдэхгүй байж магадгүй.   Тийм учраас даавуу, марал тавьж болно. Төрөх дөхөөд ирэх үед унжралдсан нус шиг салиа гардаг. Тэр салиа гарах үед даавуу тэр хэсэгтээ л нордог. Харин тэр даавуу хүндрээд арай их нороод байвал эмнэлэгт яаралтай очих хэрэгтэй.
  3. Ямар ч шалтгаангүй өвдөлт ч өгөхгүйгээр шингэн ягаан цус гарч байвал яаралтай эмчид хандаж эмнэлэгт очих хэрэгтэй. Энэ нь ихэс ховхролт, ихэс төрүүлэлт байх магадлалтай.

Жирэмсэн ээжүүдэд хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Ярилцлага хийсэн: Б.Нямхүү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.