МОНГОЛД ЯВЖ БУЙ НЭГ МАШИН ЕВРОПЫН СТАНДАРТЫН 70-80 МАШИНЫ ГАРГАХ ХОРТ БОДИСЫГ АГААРТ ХАЯДАГ

Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан сүүлийн судалгаагаар автомашинаас ялгарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байна.

Өвлийн улиралд гэр хорооллын утаа агаарын бохирдлын дийлэнхийг эзэлдэг ч авто тээврийн хэрэгслээс 365 хоногийн турш ялгарч буй автомашины утаа Улаанбаатар хотын агаарыг бохирдуулахад томоохон эх үүсвэр болохын зэрэгцээ нийслэлийнхний бие махбодод хорт хавдрын үржил шим бүхий хөрсийг бий болгож байгаа нь төр засгийн хэмжээнд аюулын харанга дэлдэж буй.

Монголчууд амьдралын түвшнээс шалтгаалж ихэвчлэн 5-10 жил болсон хуучин тээврийн хэрэгсэл оруулж ирдэг аж. Энэ нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол шалтгааны нэгд тооцогддог байна. Жишээ нь хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 50 хувь нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа аж.

Тиймээс энэ удаад автомашинаас ялгарах утаа байгаль экологи, хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай хорт бодис агуулдгийг хүргэе.

Автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд хамгийн хор хөнөөлтэй байдаг. Ялангуяа өвлийн улиралд хүйтний хэмээс хамаарч агаар нягтарсан байдаг учир машины утаа дээшээ хөөрч чаддаггүй, орчиндоо бөөгнөрч байдаг.

Автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд хамгийн хор хөнөөлтэй байдаг.

Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг.

Бензиперин нь олон цагирагт үнэрт нүүрс ус төрөгч юм. Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй хатуу талст бодис.

Анх 1933 онд нүүрсний давирхайнаас гаргаж авсан бөгөөд хорт хавдар үүсгэх шинж чанарыг нь илрүүлжээ. Бензиперин нь нүүрсний давирхайнаас гадна хуучирсан машин ялангуяа дизель хөдөлгүүртэй машины утаа, органик материалын шаталтаас үүссэн утаа, хайрч хуурсан түлэнхий хоол хүнсэнд агуулагддаг бөгөөд хорт хавдрын ургаж төлжих хөрс суурийг бий болгодог юм байна.

Харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт биед орж, цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж, бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт үйлчилгээ үзүүлдэг.

Мөн азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж уушгийг гэмтээдэг бол хүхэрлэг хий хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэн амьсгалын эрхтэнг гэмтээдэг юм байна.

Минутад олон удаа амьсгалдаг, уушиг болон бусад эрхтэн тогтолцооны хөгжил сул байдаг нь хамгийн түрүүнд өртөн өвчилдөг байна.

Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй Цэвэр агаар төслийн хүрээнд автотээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн нефтийн хийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар автомашинаас гарч буй СО-ийн хэмжээг 80 гаруй хувиар, N02-biH хэмжээг 21,0-23,0 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо судалгааг гаргажээ.

Монголд явж байгаа автомашины дийлэнхийг Солонгос, Япон зэрэг орнуудаас оруулж ирсэн, хорт утаа их хэмжээгээр ялгаруулдаг хуучин машинууд эзэлдэг. Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин Европын стандартын 70-80 машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг гэнэ.

Иймд зуны улиралд ч хотын товд агаарын бохирдол байсаар байдаг хэмээн судлаачид үзжээ. Зунд гэр хорооллоос гарах утаа багасдагч автомашинаас ялгарах N02-ын хэмжээ өндөр хэвээр байдаг байна.

Монголд явж буй нэг машин Европын стандартын 70-80 машины гаргах хорт бодисыг агаарт хаядаг гэнэ.

Дэлхийн улс орнууд автомашинаас ялгаран хорт утаанд ихээхэн анхаарал хандуулж байна. Зарим улс орон эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл, такси зэргийг хийн түлш шилжүүлсэн байна. Үүний тулд тороос хийн түлшийг оруулж ирэхэд тодорхой хөнгөлөлт үзүүлдэг аж.

Улаанбаатар хотын түгжрэлийн улмаас жолооч нар шатахуун, түлшээрээ хохирч эдийн засгийн алдагдал хүлээж байна.

Нэг машин нэг цагийн турш түгжрэхэд нэг литр бензин алддаг гэх судалгаа байх юм. АИ92 автобензинээр тооцоход литрийнх нь үнэ одоогоор 1660 төгрөг байгаа. Үүнийг нийт түгжрэлд ордог жолооч тус бүрт үржүүлээд үзье, 400 сая гаруй төгрөг болж байна. Өдөрт, цаг тутам алдагдаж байгаа маш их мөнгө гээд бод доо.

Иймд автомашинтай хүн бүхэн өөрийн машинаас ялгарах хорт утаанд анхаарч бидний ирээдүй хойч үе, үр удам болох дөнгөж өсөж бойжиж буй үр хүүхдүүдийнхээ төлөө, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сорог нөлөөгүй, эдийн засагт хэмнэлттэй тээврийн хэрэгслийг сонгох л үлдлээ.

https://ikon.mn/n/5v6

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.