ЧИХ ХАМАР ХООЛОЙН АЛЬ НЭГ НЬ ӨВДӨХ ҮЕД НӨГӨӨ ЭРХТЭН НЬ ДАГАЖ ӨВДДӨГ

Сүүлийн жилүүдэд чих, хамар, хоолойн өвчлөл манай улсад эрс нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгааг энэ төрлөөр дагнасан мэргэжилтнүүд онцолдог.

Агаарын бохирдол, тоосжилт зэргээс гадна хувь хүний мэдлэггүй, хайнга байдлаас чих, хамар, хоолойн өвчлөл нэмэгдэж, иргэд ч ихэвчлэн хүндэрсэн хойно нь эмнэлгийн байгууллагад ханддаг байна. Тэгвэл энэ талаар “Ач” анагаах ухааны их сургуулийн багш Э.Уянгатай ярилцлаа.

Чих хамар хоолой хэрхэн холбогддог вэ?

Хоорондоо харьцаж байдаг зэргэлдээх эрхтнүүд. Хэрхэн холбогддог вэ? гэхээр дунд чих Евстахиевийн гуурсаар нармай хэсэгтэй холбогддог. Нармай хэсэг нь залгиур хоолойн дээвэр хэсэг болж өгдөг. Тэгэхээр яалтачгүй чих, хамар, нармай, залгиур хоолой, төвөнх гээд хоорондоо харьцаж байдаг зэргэлдээх эрхтнүүд учраас хамар үрэвсэхэд чих үрэвсэх, нармай үрэвсэхэд хоолой залгиур хоолой давхар үрэвсэх боломж маш өндөр.

Чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Монголын нөхцөлд ангена гэж бид ярьдаг залгиур хоолойн үрэвсэл, тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл өвчлөл маш өндөр байдаг. Энэ юутай холбоотой вэ? гэхээр бид хүүхдээ өглөө болгон шүдээ угаадагтай адил шүдээ угаагаад ,хоолойгоо зайллаа, хамраа цэвэрлэлээ ингээд хоол ундаа идээрэй гэж гараа өдөр болгон хоол идэхийн өмнө угаадагтай адил хувийн ариун цэвэр багаас нь сургах хэрэгтэй. Шүдний кариеснаас болж бас залгиур хоолойн өвчлөлүүд салахгүй байх тохиолдлууд байдаг.

Хоолойн өвдөлт хүндэрвэл юу болох вэ?

Нэгэнтээ цочмог тагнайн гүйлсэн булчирхайн үрэвслээр өвдсөн бол түүнийгээ гүйцэд эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрт шилжсэний дарааа хүмүүс тоодоггүй. Цааш хүндрэх тусам амны хөндийгөөс эвгүй үнэр үнэртэх, эсвэл шар будаа цагаан будааны хэмжээтэй зүйл гараад тэр нь эвгүй үнэртэй байна гэдэг. Архаг хэлбэрт шилжсэнээр үе мөчөөр янгинах, зүрхээр дэлсэх гэх мэт хоёрдогч эмгэгүүд үүсэх нөхцөлүүдийг бүрдүүлж өгч байгаа юм.

Хоолойн өвдсөн үед буруу эмчилгээ хийвэл юу болох вэ?

Бид нарт цочмог хэлбэртэй тагнайн гүйлсэн булчирхайн үрэвсэл эхлээд үүсдэг. Ингэх үед эмнэлзүйн шинж тэмдэг нь хоолой өвддөг, юм залгихад хөндүүртэй болно гэх мэт маш олон эмнэлзүйн шинж тэмдэг өгдөг. Энэ үед буруу эмчилгээ бие биедээ зөвлөж эхэлдэг. Ампициллин, пеницилин бүүр  цефазолин нунтаглаад хоолой уруугаа үлээчих тэгэхээр нам болно. Идээ нь арилаад, халууралт нь буурчих юм бол эдгэчихсэн гэсэн үг гэдэг ч юм уу. Эсвэл идээг нь арчаад авчих, цэвэрлүүлчих идээг нь хусуулчих гэдэг эсвэл өөрсдөө чихний суваг цэвэрлэдэг хөвөнтэй модоор амаа ангайж байгаад идээг нь арчаад цаанаас нь цус шүүрчихдэг. Энэ нь бүгд буруу эмчилгээ. Үүнээс үүдэн тагнайн ойролцоох буглаа цаашлаад стрептококк, стафилококкийг цусанд оруулаад цаашлаад үе мөч, бөөр зүрхэнд нөлөөлөх замыг тавьж өгч байна гэсэн үг.

Хоолой өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Ямар хэлбэрээр үрэвсэл явагдаж байгаа нь чухал. Зөвхөн халууралт өгөөд юм залгихад хөндүүрлэж байна уу? Эсвэл халуурч бүлээрч юм залгиж чадахгүй амаа ч ангааж чадахгүй байдалд хүрдэг. Энэ нь бүгд онош нь өөр өөр. Улаах хэлбэр, идээт хэлбэр, нэвчтэст хэлбэр сүүлдээ буглаа ч гэдэг юм уу. Эдгээрийн хамгийн эхлээд хөнгөн хэлбэр нь улаах үрэвсэл юм. энэ үрэвслийн үед дур мэдэн эмчилнгээг эхлүүлдэг. Энэ нь эргээд хүндрэл дагуулдаг гэдгийг ард иргэд мэдэх хэрэгтэй. Тийм учраас эмнэлэгт хандаж зөвлөгөө л авах хэрэгтэй. Одоо яах вэ? ямар хэлбэртээ явж байна гэдгээс шалтгаалж эмчилгээ нь өөр өөр байдаг.

Бидэнтэй ярилцлага хийж олон мэдээллийг өгсөнд баярлалаа. Таньд ажлын амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.