ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

ЗӨВЛӨГӨӨ 1

Өвлийн улиралд арьсыг хүйтнээс хүйтэн жиндүү салхинаас, пааранд халсан халуун агаараас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд танд тослог хэрнээ найрлагандаа ус агуулаагүй крем шаардлагатай. Хэрэв танд өвлийн крем байхгүй бол уг кремийг гэрийн нөхцөлд маш хялбархан бэлтгэх талаар хүргэе.

Ургамлын тос- хоолны 3 халбага

Хайлуулсан лав- хоолны 1 халбага

Борын хүчил-цайны тал халбага

Өргөст хэмх болон нимбэгний шүүс-хоолны 2 халбага

Глицерин-хоолны 1 халбага

Гадаа гарахын өмнө кремийг түрхэж 10-15 минут байлгаж арьсандаа шингээгээд дээрээс нь пудр түрхэнэ. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн нь гоёл болохоос гадна маш сайн хамгаалалт болж өгдөг.

ЗӨВЛӨГӨӨ 2

Хамба шарилж буюу балжингарам цэцгийн халуун бүлээн ханданд /нэг литр усанд хос хоолны халбага/ жижиг алчуур норгоод нүүрэндээ хоёроос гурван минут тавина. Үүний дараа нүүрээ угаах хэрэггүй, зөвхөн тэжээлийн тос түрх. Энэ бигнүүрийг 2-3 удаа тавихад л арьс уян хатан болж, хэвийн байдалдаа орно. Мөн дүрдэг байхуу цайны хандаар ийм бигнүүр хийж болно. Гэхдээ халуун бүлээн байх шаардлагатай.

ЗӨВЛӨГӨӨ 3

Өндөгний шарыг нэг хоолны халбага сүүтэй хольж сайтар хутгаад нүүрэндээ маск хэлбэрээр тавина. Энэ маскийг хуурайшсан төдийгүй хагарч холцруутсан, өнгө жавхаагүй болсон арьсанд ч түрхэнэ. Гайхамшигтай нөлөө өгнө. Маск бэлдмэл хэрэглэсний дараа заавал тос түрхэж хэсэг хугацаанд нүүрээ амраана. Энэ үедээ ямар нэгэн оо энгэсэгээс татгалзаарай, Хүйтний улиралд гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Энэ уруул хагарч, хуурайшихаас сэргийлнэ.

ЗӨВЛӨГӨӨ 4

Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут хэвтвэл нүүр тань баярлах нь дамжиггүй. Нүүр утах зориулалттай ионжуулсан уур гаргадаг аппараттай байж тэрийгээ далд хийгээд мартчихсан бол одоохон гаргаж ирээрэй. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Ууранд нь нүүрээ утаж хэрэггүй, муу, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг үйлчилгээтэй шүү. Тэгснээс нойтон бигнүүр нь дээр.Ялангуяа өвлийн улиралд нүүрээ крантны усаар, тэр тусмаа савандаж угаахаас зайлсхийж байгаарай. Крантны хатуулаг ихтэй усанд кальц магнийн нэгдлүүд ихээр агуулагддаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг өрөвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тийм болохоор нүүрээ дандаа зориулалтын бодисоор цэвэрлэх, угаамаар байвал цэвэр усаар угааж байвал сайн.

ЗӨВЛӨГӨӨ 5

Нүүрэнд зориулсан дасгал хий. Хүйтэн, салхитай, жавартай өдөр гадаа байхдаа үе үе хацар болон хамартаа чимхэх хөдөлгөөнөөр иллэг хийж бай. Мөн үүнээс ч өөр арга байна. Амьсгаа гүнзгий аваад амьсгаагаа түгжинэ. Тэгээд нүүрээ чинэртэл нь байлгана. Ямар ч тохиолдолд нүүрээ цасаар үрэх хэрэггүй. Энэ нь арьсанд маш хортой. Бас одоо мөс хэрэглэх хэрэггүй. Энэ арга нь зөвхөн зун л үр дүнтэй байдаг

ЗӨВЛӨГӨӨ 6

Гарын арьсанд зориулсан тусгай маск – Өвөл гарын арьс онцгой арчилгаа шаарддаг. Үндсэн дүрэм бээлийгүй хаашаа ч гарах хэрэггүй. Хэрэв арьс хуурайшиж, холцруутсан бол 1 цайны халбага содыг 1 л буцалсан усанд хийгээд гараа 10 минут дүрээд арчилгүй хатаана. Дараа нь гартаа тос түрхээрэй. Хааяа ч гэсэн гарандаа зориулж маск тавь. Гарандаа тосыг зузаан түрхээд даавуун бээлий өмсөөд хэдэн цаг бол. Ер нь шөнөжингөө бээлийтэй хоносон ч болно. Үүний дараа гар анх байсан шигээ зөөлөн, булбарай болсоныг та мэдрэх болно.

ЗӨВЛӨГӨӨ 7

Сахлын хөөс эсвэл нүүр цэвэрлэх сүүн шингэнээ өтгөн кофетай найруул. Ингэж найруулсан гүнцэвэрлэгчээ нүүр болон хүзүүндээ түрхэж арван минут хэртэй байлгах хэрэгтэй. Харин гүн нүүр цэвэрлэгчээ түрхсэн үедээ нүүрнийхээ булчингаа хөдөлгөхгүй байлгах үүднээс ярихгүй байхыг хичээгээрэй. Үүний тулд биеэ суллан хэвтэх хэрэгтэй

ЗӨВЛӨГӨӨ 8

Өөрийн хэрэглэж буй тэжээлийн тосыг хэдэн дусал нимбэгний шүүстэй холиход л таны гүн нүүр цэвэрлэгч бэлэн болно. Хэрэв илүү тэжээллэг чанартай болгоё гэвэл түүн дээрээ майонез эсвэл цөцгийн тосноос бага зэргийг нэмж болно. Бэлэн болмогц нь гарынхаа алганд түрхээд нүдэндээ хүргэлгүй нүүрэндээ иллэгийн шугамын дагуу илэх маягаар түрхээд арван минут хэртэй байлгана. Нимбэг бол өвлийн жимс бөгөөд нимбэгний шүүс нь арьсанд тэжээл өгч, цэвэрлэдэг онцлогтой.

ЗӨВЛӨГӨӨ 9

Хэрвээ таны арьс хүйтэнд хэт эмзэг бол долоо хоногт 2 – 3 удаа тусгайлан бэлтгэсэн халуувтар усаар нүүрээ шавших хэрэгтэй. Ингэвэл нүүрний арьс тайвширч, зөөлөрч өгнө. Усны температур 37 -38°С хэмээс хэтэрч болохгүйг анхаараарай

ЗӨВЛӨГӨӨ 10

Хоолны хоёр халбага хуурай сүүг хоолны нэг халбага чидун жимсний тостой / олив/ зуурч, 2 – 3 дусал эфирын тос дусаахад нүүрний гүн цэвэрлэгч бэлдмэл бэлэн болно.

ЗӨВЛӨГӨӨ 11

Хэрвээ хүйтэнд таны хамар улайдаг бол оройдоо балжингарав цэцгийн хандтай халуун, хүйтэн бигнүүр тавиарай.

ЗӨВЛӨГӨӨ 12

Балжингарав цэцгийн хатаамлаас хоолны хоёр халбагыг халуун усанд хийж хорин минут хэртэй хандлаад дараа нь хөргөнө. Түүнийгээ халуунаар нь арван минут, хүйтнээр нь дахин арван минут хэртэй бигнүүр тавь.

ЗӨВЛӨГӨӨ 13

Хэрвээ арьс хуурайшч, холцруутаад байвал зөөлрүүлэх маск бэлтгэж тавих хэрэгтэй. Үүний тулд хоолны хоёр халбага ургамлын тосыг халааж жижиглэсэн толокнянкийн үртэй хольж зуур. Зуурмагаа нүүрэндээ 2 – 3 минут хэртэй тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж дараа нь бүлээн усаар шавшиж зайлаарай.

ЗӨВЛӨГӨӨ 14

Хэрвээ арьс улайж, үрэвсээд байвал календулын ханд бүхий халуун, хүйтэн бигнүүр тавих хэрэгтэй.  Энэ бигнүүрийг бэлтгэхдээ: Хоолны  хоёр халбага хэртээ календул цэцгийг буцалсан усанд хийж хорин минут хэртээ хандлаад 3 – 4 удаа бигнүүр тавь. Халуун бигнүүрийг 2 минут, хүйтнийг нэг минут хэртээ тавина. Гэхдээ тавьж буй бигнүүрийн температурын зөрүү хэт их байхгүй тал дээр анхаараарай.

НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ

Хэт залуугаасаа будаг шунх хэрэглэвэл

Арьс хугацаанаасаа өмнө хөгширөхөд нөлөөлдөг шалтгаанууд олон хүчин зүйлүүд бий. Тэдгээрийг доорх маягаар ангилдаг:

Удамшлын нөлөө: Удамшилтай холбоотойгоор арьс хурдан хөгширч сэвхтэж байна уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Тиймээс эцэг эхийн арьсны онцлог удамшдаг тул ихээхэн ач холбогдолтой.

Хорт бодисын муу нөлөө: Архи, тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэх С витаминыг устгаж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген үүсэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ. Архи хэтрүүлэн уусан тохиолдолд арьсан дахь чийгшил, уян хатан чадвар түргэн алдагддагийг мартуузай.

Орчны муу нөлөө: Хорт утаа,тоос тоосонцор нь арьсанд мэдээж маш муу нөлөөтэй. Эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны зөв арчилгаа, тэжээл. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл бол нөгөө нь арьс арчилгаа. Өөрийн арьсны өнгөнд тохируулан арьсаа арчлах нь орчны таагүй нөлөөллийг саармагжуулах үйлчлэлтэй.

Хэт залуугаасаа нүүрээ будсаны муу нөлөө: Өсвөр насны охид арьсны бага сага өө сэвийг дарахын тулд будалтыг хэтрүүлэх нь бий. Тогтмол будсанаар арьс нь булбарай чанараа алдах, ширүүн барзгардуу болох, батга гарах зэрэг сөрөг нөлөө бий болох гэмтэй. 13-18 насанд арьсыг тогтмол цэвэрлэж байхад л болчихно. Тослог ихтэй, хурц хоол хүнс бага хэрэглэх, гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск шаардлагатай бол тавьж болох юм. Энэ насанд нүүрэндээ химийг аль болох бага хэрэглэ.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.