ХҮҮХЭД ОЙР ОЙРХОН ӨВДӨӨД БАЙНА УУ? ДАРААХ ШАЛТГААНУУДТА ХОЛБООТОЙ Ч БАЙЖ МАГАДГҮЙ

-Ээжүүд ээ, өвлийг хэрхэн “өнтэй” давах вэ?-

Сэрүү татсан намрын өдрүүд хэдийнэ ирчихэж. Эхчүүд энэ улиралд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж эхэлдэг. Учир нь нялх үрсийг нь намар, өвөл, хаврын улирал ханиад, томуугаар багагүй ээрч зовоодог учраас л тэр.

Тэгвэл өвлийг хэрхэн “өнтэй” давах вэ. Ихэнх эмч хүүхдийнхээ ДАРХЛААГ САЙЖРУУЛ гэж зөвлөдөг.

Энэ зөвлөмжийг уншихаар тэжээллэг хоол хүнс, олон төрлийн витамин, үнэтэй дархлааны бэлдмэлүүд… санаанд бууж байна уу. Эдгээр нь хүүхдийн дархлааг сайжруулах зөв сонголт байж чадах уу.

Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонгоос дээрх асуултуудын хариултыг авч дараах зөвлөмжийг бэлтгэлээ.

Эмчийн зөвлөснөөр олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулдаг байна.

ДАРХЛАА САЙЖРУУЛАХ  ЭХНИЙ АЛХАМ: НОЙР

Олон улсын эмч нар бага насны хүүхдүүд хамгийн багадаа 10 цаг унтах шаардлагатай гэж үздэг бөгөөд насны онцлогоос хамаарч харилцан адилгүй хугацаанд нойрсохыг зөвлөдөг. Хүүхдийн шөнө авах нойрны талаарх инфографикт анхаарал хандуулаарай.

Эндээс манай эцэг эхчүүд хүүхдийн авах ёстой нойрыг нь бүрэн авахуулж чадахгүй байгаа нь тодорхой байна.

Хүүхдийн харшил судлалын эмч О.Солонго хүүхдийн дархлааг сайжруулах хамгийн чухал алхам бол нойрыг сайн авахуулах хэмээн онцолж байна.

Тэрбээр нойрсох хугацаанаас гадна унтах цагийг нарийн баримтлахыг зөвлөж буй. Өөрөөр хэлбэл хүүхдийг тогтмол цагт унтуулж сургаснаар дархлааны эсийг идэвхжүүлдэг аж.

Эмч О.Солонго “Үдшийн 10.00 цагаас шөнийн 02.00 цаг хүртэл хүний биеийн дархлааны эсүүдийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлдэг. Тэр үед хүн амарч бат бөх нойр авснаар дархлааны эсээ идэвхжүүлнэ. Монгол эцэг эхчүүдийн дийлэнх нь оройтож унтдагаас хүүхдүүдээ дээрх цагуудад унтуулж чаддаггүй. Тэгэхээр Монгол хүүхдүүдийн дунд нойрны алдагдал их байна. Чи 10.00 цаг унтах ёстой гээд хүүхдээ унтуулаад өөрсдөө зурагт үздэг эцэг эх ховор. Дэлхий дахинд хүүхдээ 09.00 цагт унтуулахыг зөвлөдөг. Дунджаар ес, арван цаг унтаж байж хүүхэд хангалттай нойроо авч, дархлааны эсээ сэргээж чаддаг” гэсэн юм.

Тэрбээр цааш ярихдаа шөнийн 09.00 цагаас хойш өсөлтийн гормон ялгардаг. Тэрхүү гормон нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж, стресс ядаргааг тайлдаг байна. Томчуудын хувьд энэ цагт унтсанаар хөгшрөлтийн явц удааширдаг байна.

Маргааш нь амралтын өдөр учраас хангалттай нойроо авчихна гээд оройтож унтах хандлага хүмүүсийн дунд нийтлэг.

Тэгвэл маргааш нь үд хүртэл унтлаа ч 10.00-02.00 цагт авах ёстой нойрыг харамсалтай нь нөхөж чаддаггүй байна.

Монгол хүүхдүүд дархлаа сул, үргэлж ханиад томуунд өртөх голлох шалтгааныг О.Солонго эмч нойрын дутагдалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Тиймээс энхрий бяцхан үрсээ эрүүл байлгахын тулд амар тайван нойрсох нөхцөлийг нь бүрдүүлж өгөөрэй.

ДАРХЛАА САЙЖРУУЛАХ УДААХ АЛХАМ: ХООЛЛОЛТ

Хүүхдээ эрхлүүлж, хайрлаж байгаа нь энэ гээд чихэр жимсээр хуурсаар л явна уу.

Уйлахад нь аргадах, урвайхад нь баярлуулах чихэр, хатаасан төмс, хийжүүлсэн ундаа зэрэг нь хүүхдийн дархлааны хамгийн аюултай дайсан гээд бод доо.

Учир нь эдгээрээр хооллосон хүүхэд хоногт авах ёстой илчлэг, тэжээлээ авч чаддаггүйгээс дархлаа сулардаг байна.

О.Солонго эмч хүүхдийн дархлааг дэмжих удаах хүчин зүйл бол хооллолтын дэглэмийг нарийн баримтлах… хэмээн зөвлөв.

“Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндгөөс авч болно. Мөн А витамин хэрэглэх хэрэгтэй. Арьс салстыг ихээр хамгаалах учраас ханиад хүрэх нь багасна. Хүүхдэдээ А витамин өгөхийн сацуу лууван идүүлж, шүүсийг нь уулгаарай” хэмээн эмч захилаа.

Тэрбээр хүүхдүүдэд С витаминаар баялаг хүнс өгөхийн сацуу төмс идүүлэхийг зөвлөсөн юм.

Манайхны дунд төмсийг хүнсэндээ ихээр хэрэглэх нь муу, таргалуулдаг хэмээн “ад үздэг”. Гэтэл хүний биед шаардлагатай С витаминыг төмс өгдөг гэнэ шүү.

Мөн зуны улиралд витамин С-ээр хамгийн баялаг айраг, сүүний ээдмийг хүүхдэдээ идүүлж байх хэрэгтэй юм байна.

Эмчийн зөвлөснөөр өглөө хүйтэн юм уух муу. Дархлааны эс идэвхжүүлдэг учир халуун бүлээн шингэн уулгах нь зөв.

Мөн хоносон хоолноос үргэлж татгалзахыг эмч онцлон сануулав.

ДАРХЛАА САЙЖРУУЛАХ СҮҮЛИЙН АЛХАМ: ХӨДӨЛГӨӨН

Хүн хөдөлж, хүний бие идэвхжиж байж дархлааны эсүүд сэргэдэг байна. Хэвтсээр л байвал унтаад л байна гэсэн үг.

Хүүхэд хамгийн багадаа 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой аж. Тэд угаасаа л гүйж харайдаг биз дээ гэж асууж магад. Тэгвэл хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөн нь идэвхтэй хөдөлгөөнд ордоггүй байна. Тэгэхээр спортоор хичээллүүлж, гүйж ханиалгах шаардлага эцэг эхчүүдэд тулгарч байна

Ханиад томуунаас сэргийлж үргэлж цовоо сэргэлэн байлгахыг хүсвэл хөдөлгөөнийг нь дэмжиж өгөөрэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.