ТӨРСНИЙ ДАРАА ХӨХӨӨ ХЭРХЭН АРЧЛАХ АРГА

Шинэ ээжүүдийн хувьд хөхний толгойгоо хэрхэн гаргах болон чинэрч хавдах үед яаг яах ёстойгоо сайн мэддэггүй. Төрөлтийн дараа хүүхдээ буруу амлуулах, буруу хөхүүлснээс үүдэх хүндрэл бэрхшээл олон байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хөхний толгойг яаж гаргах вэ?

Эх хүүхдээ хооллохоос өмнө хөхний толгойг эмэрч татах дасгал хийж товойлгох буюу гар болон цахилгаан саалтуур, тариур, насосны тусламжтайгаар хөхний толгойг гаргаж болно. Хөхний сүүгээ саах нь хөхийг сул байлгаж хүүхэд хөхөхөд хялбар болохоос гадна сүүний гарцыг хэвийн байлгахад тулсална. Хүүхэд хөхөө хөхөхийн тулд ганц хөхний толгой бус хөхний нөсөөт хэсгийг хамт үмхэж хөхдөг. Хөхөх тусам хөхний толгойг улам нааш сунгаж гаргадаг.

Хөхний толгой гаргах дасгал

Хөхний толгойн хоёр талд хоёр гарын долоовор хурууг тавьж хоёр тийш нь бусад хэсгийн арьсыг доод эдтэй нь татна. Энэ дасгалыг хөхний толгойн эргэн тойронд хийх бөгөөд таван минутаар хоёр удаа хийнэ. Хөхний товчийг бага зэрэг сунгах, эргүүлэхдээ өвдтөл хийж болохгүй.

Хөх чинэрч хавдахад яах хэрэгтэй вэ?

Төрсний дараа 2-5 дахь хоногт хөх томорч сүүгээр дүүрч, заримдаа өвдөж улайж хатуурч халуун болдог. Энэ байдлыг хөхний чинэрэлт гэх ба эх хүүхэд хоёр салангад хөхийг хөхүүлэхгүй байгаа үед үүсдэг. Хөхний чинэрэлтийг багасгахад гараар болон саалтуураар байнга сааж сулална. Хэрэв хүүхэд хөхөж байвал ойр ойрхон хөхүүлнэ. Бүлээн шүршүүрт орж бүлээн жин хөхөн дээрээ тавина. Хүзүү нуруунд иллэг хийх, хөхний толгойг эмэрнэ.

Хөхний иллэг хийх дасгал

Хатуурч зангирсан газар нь гараа хагас атгаж хөхний эргэн тойронд зөөлөн иллэг хийнэ. Мөн хөхний толгой руу чиглэсэн зөөлөн иллэг хийнэ.

Хөх саах:

Гараа угаана

Эх өөрт тохиромжтой байдлаар сууж хөхний доор цэвэр сав тосно

Хөхний толгойноос 1-2 см зайд хөхний дээд хэсэгт эрхий хуруу хөхний доод хэсэгт долоовор болон дунд хурууг тавина.

Гурван хурууг зэрэг цээж рүү түлхэн шахаж саана. Хөхний сүүний гарц багасан зөөлрөх үед нөгөө хөхийг саана

Хоёр хөхийг ээлжлэн саахдаа нэг хөхийг 20-30 минут ээлжлэн саана. Саасан сүүгээр хүүхдийг тэр дор нь хооллоно. Эсвэл сүүг сэрүүн газар хадгална.

Хөх саахад бэлтгэх зүйл

Хөхний саалтуур, тариур, насос, сүү сааж хадгалах цэвэр тагтай сав юм уу аяга. Гэрийн нөхцөлд сүүг саах саваа буцалсан усаар сайтар ариутгасан байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.