ХЭРХЭН ЗӨВ, ЗОХИСТОЙ ХООЛЛОХ ВЭ?

Эрүүл сайхан байх нь амьдралын үнэ цэнэ билээ. Эрүүл байхын тулд зөв зохистой хооллох хэрэгтэй. Намар өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэхийг зөвлөдөг байсан цаг үе өнгөрчээ. Хөгжил дэвшил явагдах тусам бид суурин амьдралд шилжиж байгаатай холбогдуулан идэх хоолоо ч мөн зохицуулж хүнд хоолыг ихээр хэрэглэхээ хязгаарлах хэрэгтэй байна.

АШУҮИС-ийн НЭМС Шим Тэжээл судлалын тэнхимийн багш, нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Д.Ням-Осортой бид хэрхэн зөв зохистой хооллох тухай ярилцлаа.

Өвлийн улиралд хоол идэх дуршил яагаад нэмэгддэг вэ?

Өвлийн улиралд хүйтний эрч чангардаг учраас хүн биеийнхээ тогтмол хэмийг барих, бодисын солилцоог  эрчимжүүлэх  шаардлагатай байдаг. Тиймээс идэх хүсэл нэмэгддэг шалтгаан нь хоол илчлэгтэй байдаг илчлэг задарч энерги болж биед шаардлагатай дулааныг нөхдөг гэсэн үг юм. Хүн хоол идсэнээр  аз жаргалын гормон биеэс ихээр ялгардаг тиймээс хооллосны дараа сэтгэл тайвширдаг байна. Хот суурин газрын хүмүүс даарах нь бага байдаг гэхдээ хооллолтын хэмнэл нүүдэлчний хэв маягаас салаагүй байгаагаас мөн өвлийн улиралд дасгал хөдөлгөөн хийхэд хязгаарлалттай байдгаас болж шаардлагагүй илчлэгийг маш ихээр авдаг. Иймээс хүмүүс өвөлдөө илүүдэл жин буюу таргалалтад өртөх магадлал өндөр байдаг.

Өглөөний цай уух нь эрүүл  мэндэд ямар нөлөөтэй вэ?

Өглөөний цай уух зайлшгүй шаардлагатай. Машин бензингүй бол цааш явахгүй шүүдээ. Үүнтэй адил хүн өглөө цай уухгүй бол  болохгүй бидний орой идсэн хоол аль хэдийн боловсорч шингээд өглөө хоол идэх шаардлагатай болсон байдаг. Өдрийн ажилдаа биеэ бэлтгэхийн тулд өглөө цайгаа зайлшгүй уух хэрэгтэй. Өглөөний цай уухыг дадал хэвшил болгох шаардлагатай юуны түрүүнд хувийн зохион байгуулалт сайтай байх  мөн эцэг эх хүүхдэдээ дадал хэвшил бий болгох хэрэгтэй.

Хоолыг хэдэн цагийн зайтай идэх ёстой вэ?

Зохистой хооллохын тулд тогтмол бага багаар идэх хэрэгтэй. Ер нь 4 цагийн зайтай идвэл сайн байдаг. Хоол ходоодонд орж нарийн гэдсээр дамжин шимэгдэх явцад 4 цаг зарцуулдаг. Хэрвээ бид өглөөний цайгаа уухгүй бол өдрийн цай гэхэд маш их өлссөн байдаг учраас хэтрүүлэн ихээр иддэг. Энэ нь эргээд өвчлөл үүсгэдэг.

Орой 18 цагаас хойш хоол идэж болохгүй гэсэн мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

Оройн хоолыг 18 цагт идлээ гэж бодоход 2 цагийн дараа бага хэмжээний сүү тараг уух зэрэг хөнгөн зууш хэрэглэх шаардлагатай. Хэрвээ 18 цагаас хойш хоол хэрэглэхгүй бол өглөөний цай хүртэл 12-14 цаг хооллохгүй байна гэдэг нь зохисгүй хооллолт болно.

Мацаг барих нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг үү?

Хүн анхнаасаа  эрүүл зохистой хооллолтын хэв маягийг барьж чадвал эрүүл байна. Заавал мацаг барих нөхцөл байдалд хүрэх шаардлагагүй. Тэгэхээр  бид багаасаа 4 цагийн зайтай зөв хооллох ,  ажил амралтаа зохицуулах  хэрэгтэй.

Хэрхэн зөв зохистой хооллох вэ?

Хэтэрхий их нэг талыг барих хэрэггүй. Дандаа жимс ногоо хэрэглээд байвал амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авдаг уургаа нөхөж чадахгүй. Тиймээс хоолыг хослуулан холимог байдлаар хэрэглэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.