ТУРАХ ХҮСЭЛ ДААМЖИРСААР “АНОРЕКСИЯ” БУЮУ ТУРАХАД ХЭТ ДОНТОХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ҮҮСДЭГ

Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол зөв сайхан галбиртай болох юм. Харин сүүлийн жилүүдэд дийлэнх бүсгүйчүүд турах хүсэлдээ донтож эхэлсэн. Тэдний хүсэл даамжирсаар “Анорексия” буюу эцэс төгсгөлгүй турах хүсэлдээ донтох сэтгэцийн эмгэг болж байгаа нь хамгийн аюултай юм. Энэ өвчин нь хоол идэх хүсэл сонирхолгүй болгох төдийгүй урьд орой идсэн хоол нь өөрийнх нь гэдсийг өөхлүүлчихсэн байна гэж итгэсэндээ тэр хоолоо буцааж гаргахын тулд албаар бөөлжих, нэг бол бөөлжүүлэх эм уудаг анорексиятай бүсгүйчүүд амин дэм, эрдэс бодисын дутагдалд орсноосоо болж гудамжинд гэнэт ухаан алдаж унасан ч үргэлжлүүлэн хоолоо хассаар байдаг байна.

Судалгаагаар 16-70 насны дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хөнгөн хэлбэрийн анорексиятэй хэмээн нотлогджээ. Анорексиятай хүмүүс өөрийнхөө тархийг турах хүсэлд бүрмөсөн автуулчихдагт асуудлын гол нь орших ба яг л бусад төрлийн донтой адилхнаар удирдлагаа алддаг байна. Одоо хир нь анорексияг бүрэн эмчлэх эм гэж байдаггүй. Зөвхөн дааврын бэлдмэл дусал зэргээр зарим дутагдаад байгаа бодисыг нөхөж чаддаг байна. Харин өөрт нь тарган биш гэж итгүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь дээшлүүлэх, хоолны хэвийн дэглэмд аажмаар шилжүүлэх сэтгэлзүйн сургалт эмчилгээ илүү үр дүнтэй юм.

Хэрвээ бүсгүй та таргалалттай бол эмчид хандан шалтгааныг олох хэрэгтэй. Та үнэхээр турах шаардлагатай юу, танд илүүдэл жин байгаа юу, ямар шалтгааны улмаас таргалаад байна, таргалалтад чинь юу нөлөөлөөд байна гэдгийг юун түрүүнд ойлгож мэдэх хэрэгтэй. Наад зах нь та өглөө босох цагтаа босож, унтах ёстой цагтаа унтаж амарч чадаж байна уу, дасгал хөдөлгөөн хийж байна уу, амьдралын хэвшил чинь эрүүл, зөв байж чадаж байна уу гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Түүний дараа эмчийн заавар зөвлөгөөгөөр ямар нэгэн алхам хийж, арга хэмжээ авах нь чухал. Тэгэхгүйгээр шууд хэн нэгэн мэргэжлийн бус хүний зөвлөгөөгөөр эсвэл өөрөө дур мэдэн их хэмжээгээр ус уух, эм хэрэглэх, хүнд ачаалал өгөх дасгал хийх зэрэг нь эргээд эрсдэл дагуулах уршигтай юм. Турах хүсэлтэй хүмүүс ер нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй, санаа зовомтгой, яаж турах вэ гэсэн дарамттай байдаг. Сэтгэл эрүүл байж бие эрүүл байна. Тиймээс сэтгэлзүйгээ тайван амгалан байлгах хэрэгтэй.

Таргалах шалтгаан олон төрөл байдаг. Жишээ нь: ходоодны шингээлт муудсанаас шалтгаалж таргалалт үүсэж болно. Таргалаад байна гэсэн чинь хаван байж болох талтай. Цайвар хаван, усан хаван, суваг хаван гээд олон төрлийн хаван байдаг. Дээрээс нь зүрх, бөөр болон шүүрлийн булчирхай өвчилснөөс болж таргалалт үүсэж ч болно. Тиймээс бүсгүйчүүд маань зөв хооллолт, зохистой хөдөлгөөнөөр мөн ямар нэгэн суурь эмгэг илэрвэл эмчлүүлсэн тохиолдолд биеийн жин хэвийн болох болно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.