ХЭРЭВ БИД ХИЧЭЭВЭЛ 75% ЭРҮҮЛ БАЙХ БОЛОМЖТОЙ

Эрүүл биед саруул ухаан оршидог. Эрүүл  байна гэдэг нь хөдөлмөрийн өндөр бүтээмж гаргах чадвартай, амьдрал буюу аж байдал нь хүрэлцээтэй, сэтгэл санааны амгалан тайван, сайн сайхан байхын чухал хэрэгцээ юм. ДЭМБ “Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бие бялдрын хувьд эрүүл, өвчин эмгэггүй байхаас илүү өргөн хүрээнд цогцоор нь авч үздэг. Олон улсын түвшинд хийсэн нэгэн судалгаагаар, хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлсийг эерэг болон сөрөг аль ч утгаар нь 100 хувь гэж үзвэл, гадаад орчны хүчин зүйлс 20-25%, удамшлын буюу дотоод хүчин зүйлс 50-55%, эрүүлийг хамгаалахын буюу эмнэлэгийн хүчийн зүйлс 20-25% тус тус хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэсэн байдаг. Эндээс харахад, хүний эрүүл мэндийн асуудалд гадаад орчин, амьдралын хэв маяг буюу бидний ухамсар, мэдлэгээс хамааран өвчин тусахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох хүчин зүйл нь 75%-ийг эзлэж байна. Харин өвчин удамших, өвчилсөн хойноо эмнэлэгээс шалтгаалах хүчин зүйл нь дөнгөж 25% байна. Тэгэхээр, хэрэв бид хичээвэл 75% өөрсдийгөө эрүүл байлгах боломж бидний гарт байна гэсэн үг юм. Иймд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.