ГЭР БҮЛ САЛАЛТ ХҮҮХДИЙГ ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ, СӨРӨГ ХАНДЛАГАТАЙ БОЛГОДОГ

Гэр бүл салсны дараа хүүхдийн сэтгэлзүй, хүмүүжил, ёс зүйн байдал хэрхэн өөрчлөгдөх бол гэж хосууд бодож үзэх хэрэгтэй. Залуучуудыг гэрлэлтэд бэлтгэх тогтолцоо байхгүйгээс болоод гэрлэлтийн талаарх ойлголт мэдээлэлгүй байна. Гэрлэлтийн бодит үнэний талаарх мэдлэггүйгээр гэр бүлтэй болдог. Гэрлэлтээс хүлээх хүлээлт, гэрлэлтийн бодит үнэний зөрүүнээс болсон эхний жилүүдийн давааг туулж чадахгүй шантардаг. Үүнээс шалтгаалж салъя гэж боддог байна. Үнэндээ салалт асуудлыг шийдэх гарц биш. Тухайн гэр бүл салалтаар асуудлаа шийдэхгүй. Дараа дараагийн асуудлуудыг салалт бий болгож өгдөг.

Гэр бүл салснаар хүүхэд олон хямрал бий болдог. Энэ нь тухайн хүүхэд хэдэн настай байхаас хамаараад эцэг эхийн маргааныг янз бүрээр хүлээж авна. Тухайлбал, бага насны хүүхдүүд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй. Гэхдээ тухайн хүүхэд эцэг эх салж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Тэгэхээр салсан аав юм уу ээжийгээ санаж бэтгэрнэ, ой тогтоол болон анхаарлын төвлөрөл муудна. Түүнчлэн орондоо шээх, ууртай, уйланхай болох зэрэг ааш зангийн тогтворгүй сөрөг шинж бага насны хүүхдүүдэд түгээмэл илэрч байдаг. Ялангуяа сургуулийн, бага насны хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байх, ганцаардмал болох, сурлагадаа муудах, хэн нэгнийг үзэн ядах зэрэг сэтгэлзүйн хямралд ордог. Харин өсвөр насныхны хувьд эцэг, эх хоёрынхоо хэн нэгнийг буруутгах эсвэл өөрийгөө азгүйд тооцно. Мөн өөртөө итгэлгүй болно. Ууртай, өшөө хорслын байдалтай болох зэрэг сэтгэлзүйн сөрөг хандлага бий. Магадгүй өсвөр насныхан эцэг эхийнхээ таарамжгүй байдалд өөрийгөө золиосонд гаргах хандлагатай болчихдог.

 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.