ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙ ЯАГААД ТОГТВОРГҮЙ БАЙДАГ ВЭ?

Өсвөр насны хүүхдийн  сэтгэл санаа тогтворгүй байдаг бөгөөд сэтгэл  судлаачдад  ханддаг томоохон асуудалын нэг  бол уур бухимдал байдаг. Тэдний хувьд харилцааны чадваруудыг олж эзэмшиж байгаа ч түүнийгээ хараахан бүрэн ашиглах чадваргүй  байдаг. Тийм учраас ихэнх өсвөр насныханд тэднийг ойлгох, хүлээцтэй сонсох, дэмжих хамгийн дотны хүмүүс буюу хүлээцтэй эцэг эхчүүд хэрэгтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүд хүлцэнгүй бай гэсэн үг биш. Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүддээ шаардлага тавих, хяналттай байх хэрэгтэй. Харин тэдэнтэй ярилцах үедээ хүлээцтэй сонсож чаддаг байх нь чухал.

Даавраас хамаарсан сэтгэл хөдлөл

Бэлгийн бойжилттой холбоотойгоор бий болж буй  дааврын өөрчлөлт нь тархинд хүчтэй нөлөө үзүүлдгийн нэг жишээ бол окситоцин. Энэ даавар нь хайр болон холбоо харилцаатай илүү холбоотой. Окситоцин нь хүнд тайван болоод ойр дотно мэдрэмжийг үүсгэдэг. Өсвөр насныханы хувьд энэхүү дааврын нөлөөгөөр хүн бүр өөрийг нь анхаарч байгаа гэсэн мэдрэмжийг үүсгэдэг. Зарим судлаачдын (McNeely and Blanchard) судалгаанаас харахад энэ мэдрэмж нь 15 орчим насанд хамгийн оргил цэгтээ хүрдэг. . Тэд нэг талаас насанд хүрэгчид шиг биеэ авч явах гэж хичээдэг боловч “шагнал, урамшуулал, магтаалд” дуртай. Өөрөөр хэлбэл тэд хийж буй үйлдлүүдээрээ бусдаас хүндлэл, магтаал авахыг хүсдэг.  Бусдын хайр халамжийг авах, анхаарлын төвд байхыг илүүтэй хүсэх хүсэл биелэхгүй тохиолдолд тэд сэтгэлээр унаж, өөртөө сэтгэл ханамжгүй болдог.

Нийгмийн түгшүүр

Тархинд явагдаж байгаа хөгжлийн процесс нь өсвөр насныхныг илүү эмзэг, сэтгэл хөдлөл өндөртэй, хоёрдмол болгодог ба эцэг эхчүүдийг төөрөгдөлд оруулдаг. Түүнчлэн тэдний нийгмийн айдас насанд хүрэгчдийг бодвол илүү өндөр байдаг нь төсөөлөх чадвар болон бусдаас магтаал сонсох хүсэлтэй нь холбоотой. Өсвөр насныхны өөрийн үнэлэмж нь дотоод гэхээсээ илүү гадаад сэдэлтэй.

Түүнчлэн тэдний бодол санаа тогтворгүй байдаг. Тэдний үзэл бодол, шийдвэр гаргах чадвар нь тогтворжиж амжаагүй байдаг учраас асуудалтай нүүр тулахдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэр зэрэг өндөр болсоноос үл хамааран тэд хөгжиж байгаа гэдгийг нь санаж хараа хяналтаа тавих ёстой.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.