ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСТОЛ НЬ ДЭЛХИЙН ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН ДӨРӨВ ДЭХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Техник технологи эрчимтэй хөгжиж энэ нийгэмд хүмүүс бүх зүйлсийг амар хялбараар шийдэж байна. Түүнийг дагаад хөдөлгөөний эрчмээ хүртэл алдах болсон. Хөдөлгөөний хомстол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд түүнчлэн хөдөлгөөний хомстлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомстол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Идэвхтэй хөдөлгөөн нь ХБӨ-өөс сэргийлэх эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвхи хангалтгүй байдаг бөгөөд ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомстлыг 10 хувиар бууруулах зорилт ажиллаж байна. Манай улсад хүн амын 4 хүн тутмын 1 буюу 22.3 хувь нь хөдөлгөөний хомстолтой, 5хүн тутмын 1буюу 18.3хувь нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний талаарх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй, 2 хүн тутмын 1 буюу 43.3 хувь нь ажлын байрандаа, 4 хүн тутмын 1 буюу 24.9 хувь нь нэг газраас нөгөөд ирж очихдоо, 3 хүн тутмын 1 буюу 31.7 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. Манай улсад хүн амын 5 хүн тутмын 1 буюу 20,5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй(D,F)үнэлгээтэй, 15-34 насны хүн амын 3 хүн тутмын 1 буюу 36,5хувь, 35-64 насны хүн амын 5 хүн тутмын 1 буюу 18,4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй(D,F)үнэлгээтэй байна. Энэ үзүүлэлт нь 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас 1 дахин бага, өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн төвшинд хүрэхгүй байна.  Хүүхэд, өсвөр үеийнхний 4 хүүхэд тутмын 3 буюу 74.8 хувь нь өдөр бүр багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй,  5 хүүхэд тутмын 1 буюу 18.2 хувь нь 7 хоногт сургууль гэр хоёрын хооронд явган эсвэл дугуйгаар явдаггүй, 2 хүүхэд тутмын 1 буюу 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин хурдацтай өсөж байгаа бөгөөд, хүүхэд өсвөр үеийнхэнд ч тохиолдох болсон. Хүүхэд өсвөр наснаасаа идэвхтэй хөдөлгөөн хийж хэвших нь тэдний амьдралын насан туршийн зөв дадал болон хадгалагддаг байна. Хүүхэд өсвөр үеийнхнийг чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөнийг тэдний амьдралын дадал хэвшил болгох хүүхэд, залууст идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчлах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх таатай орчинг бүрдүүлэх асуудлууд нэн тэргүүнд тавигдаж байна. Та эрүүл мэнддээ анхаар ч, эрүүл урт наслахыг хүсдэг бол дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж хэвшээрэй. Залуу нас, гоо үзэсгэлэнгийн эрхэм нууц нь хөдөлгөөн байдаг гэдгийг битгий мартаарай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.