2022 оны 05-р сарын 06 730

1998 ОНЫ “БОЛОР ЦОМ”-Д Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН УНШСАН ТЭРГҮҮН БАЙРЫН ШҮЛЭГ

“ Ижийтэйгээ байхад би баян байсан “
Ижийтэйгээ байхад би баян байсан…
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чиниих бишээ амраг минь

© 2024 hidoctor.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК